Түүхий самар идэхгүй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 12

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн гудамжинд болц нь гүйцээгүй самар худалдаалах нь олширч байгаа. Иргэдийн гар дээрээсээ борлуулж буй болц нь гүйцээгүй байгаа тийм самрыг худалдан авахгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас анхааруулж байна.

Хуш модны самрыг хууль, журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг.  Гэтэл иргэд хууль зөрчин ийнхүү самар бэлтгэсээр байгаа аж. Самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг нөлөө үзүүлж, ирэх жилийн ургацад ч нөлөөлдөг байна. Түүхий болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахад бэрхшээлтэй байдаг тул түүнийг түүхийн тулд модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалж байж түүдэг. Ингэснээр хуш модны гол иш, титмийг гэмтээдэг байна.

Нөгөө талаар болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй юм. Түүнчлэн анхаарал болгоомжгүйгээс ой хээрийн түймэр гарах эрсдэлд ч хүргэдэг аж.  Мөн гудамжинд худалдаалж буй самруудыг ихэвчлэн нийслэлийн ойролцоох ойгоос түүдэг бөгөөд хотын ойролцоох зарим ойд шавжны хор цацсан нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай юм байна.

Иймээс иргэдийг болц нь гүйцээгүй түүхий самар түүх, бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулах, худалдан борлуулах, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг НМХГ-аас зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top