Б.Өлзий-Од: Оюутнууд шинэ, хуучин виза картаа хамтад нь үзүүлж, нийтийн тээврээр зорчино

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 07

Нийтийн тээврийн смарт картыг оюутнуудад хэзээнээс олгож эхлэх талаар МОХ-ны Нийтийн тээврийн хэлтсийн дарга Б.Өлзий-Одоос тодрууллаа.

-Нийтийн тээврийн смарт картыг энэ сарын 15-наас тарааж эхэлнэ гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Монголын оюутны холбоо “Улаанбаатар смарт” компанитай нийтийн тээврийн төлбөрийн картыг оюутнуудад олгох талаар гэрээ байгуулахаар ажиллаж байна. Одоогоор гэрээний төвшинд явж байгаа учир смарт картыг энэ сарын 15-наас олгох боломжгүй. Гэрээг байгуулсны дараа нийтийн тээврийн картыг оюутнуудад олгож эхэлнэ. Ерөнхийдөө ирэх сарын 1 гэхэд оюутнуудад тараагаад эхэлчих байх. Их, дээд сургуулиудын хичээл орж жигдрэхээр тухайн сургуулийн Оюутны зөвлөлөөр дамжуулан тараана.

-Оюутнуудад смарт картыг хэдэн төгрөгөөр олгох вэ?

-Гэрээг байгуулаагүй бо лохоор хэдэн төгрөгөөр олгох нь тодорхой болоогүй байна. Ямартай ч хоёр тал ярилцаж, МОХ-ноос гэрээнийхээ анхны саналыг тавьсан байгаа. МОХ-ноос байж болох хамгийн бага үнээр оюутнуудын гар дээр хүргэхээр ярьж байна. Иргэд смарт картаа 3600 төгрөгөөр авч байгаа. Ямар ч байсан үүнээс бага үнээр олгох боломжийг хайж байна.

-Өмнө нь оюутан виза картаараа тухайн оныхоо долдугаар сарын 1 хүртэл нийтийн тээврээр үйлчлүүлдэг байсан. Харин шинэ карт авснаар оюутнууд хэдий хугацаанд үйлчлүүлэх боломжтой вэ?

-Шинэ картаар хуучин визатай адилхан үйлчлүүлэх боломжтой. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд адилхан нөхөн олговроор зорчдог. Одоогийн байдлаар смарт картаар ахмад настнууд нэг сард хэдэн ч удаа сууж болно. Оюутнууд ч мөн адил байх болов уу. Одоогоор нийслэлээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Нийт 113 мянган оюутан нийтийн тээврээр ажлын өдрүүдэд цаг, чиглэл харгалзахгүйгээр 2015-2016 оны хичээлийн жилд хөнгөлөлттэйгөөр зорчих болно.

-Өнгөрсөн хавар хэчнээн оюутан виза карт захиалсан бэ. Тэдгээр оюутан хуучин визагаа ашиглах боломжгүй болно гэсэн үг үү?

-Энэ жил эхний ээлжээр 57 мянга орчим оюутан виза карт захиалсан байна. Шинээр элсч байгаа хүүхдийн хувьд ирэх сард шинэ картаас гадна виза картаа давхар захиална. Учир нь, шинэ картанд нэг асуудал бий. Тодруулбал, картаа машинд уншуулахад оюутны карт гэдгийг нь мэдэх боловч яг хэнийх гэдгийг нь ялгахгүй гэсэн үг. Шинэ карт дээр овог, нэр, сургуулийн нэр, зураг байхгүй. Тиймээс зорилтот бүлэгтээ очихгүй байх асуудал үүсээд байгаа юм. Нийслэлийн цахим төлбөрийн системээс хэн, хэдэн удаа сууж байна гэдгийг тооцож, оюутан их сууж байвал нөхөн олговрын мөнгийг их, ахмад настан бага сууж байвал бага өгөхөөр төлөвлөсөн. Гэтэл шинэ картыг тухайн оюутны найз, ах, дүү нь гээд хэн ч ашиглах боломжтой болсноор түүнийг тооцох аргагүй болно гэсэн үг. Тиймээс оюутнууд шинэ картаа хуучин виза карттайгаа цуг үзүүлж нийтийн тээврээр зорчино. Хуучин виза картанд 20 орчим байгууллагаар 10-50 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх нь хэвээрээ байгаа. Үүнд номын сан, фитнесс, үзвэр үйлчилгээний газар, усан спорт сургалтын төв хамрагддаг. Энэ бүгдэд оюутнууд хуучнаараа хөнгөлөлтөө эдлээд явна гэж ойлгох хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top