Маргааш автомашингүй өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 05

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд маргааш болох “Автомашингүй өдөр” арга хэмжээг “Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Учир нь ДЭМБ-аас гаргасан судалгаагаар зам тээврийн ослоор жилд 186,300 хүүхэд, өдөр бүр 500 гаруй хүүхэд нас бардаг нь тогтоогджээ.

Харин Монгол улсад 2010-2014 онд зам тээврийн осолд 14,151 хүүхэд өртсөн тохиолдол ГССҮТ-д бүртгэгджээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 4147 тохиолдол буюу 29,3% нь 0-6 нас, 7216 тохиолдол буюу 51% нь 7-14 нас, 2788 тохиолдол буюу 19,7% нь 15-17 насны хүүхдүүд байна. Үүнтэй холбогдуулан маргааш тохиох автомашингүй өдрийн хүрээнд Чингисийн талбайд зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх талаар олон нийтийг мэдээллээр хангах тусгай тоноглогдсон автобус ажиллах бөгөөд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар өсвөр үеийнхэнд болон иргэдэд өртөөчилсэн сургалт явуулах юм байна. Мөн автомашины зориулалтын хүүхдийн суудлыг хэрхэн хэрэглэх, ач холбогдлын талаар болон цэцэрлэгийн насны хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн талаар үзүүлбэр үзүүлэх аж. Түүнээс гадна байгууллага, олон нийтийн парад, дугуйн парад, бүх нийтийг хамарсан “Алхалт, Алхалт, Алхалт” гимнастикийн үзүүлбэр, хийн дасгалын үзүүлбэр, “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт жүжиглэсэн тоглолт, ДүДү хүүхдийн угсардаг машины танилцуулга хийгдэж, хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох юм. Дашрамд, автомашины хөдөлгөөн хаасан замын хэсэгт явуулын хэмжилтийн автомашинаар орчны агаарт дөрвөн цэг дээр (Баруун, зүүн 4 зам, МУИС, Ялалт орчимд) хэмжилт хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top