ОСНААУГ: ШӨХТГ-ыг улстөржсөн увайгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 03

ШӨХТГазраас тавдугаар сарын 12-ны өдөр мэдээлэл хийж Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар “Хаан даатгал” ХХК- тай хамтран ажиллах гэрээ байгуулах замаар Хэрэглэгчдэд үйлчлэх харъяа 16 төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын/-ын үйлчилгээний хураамж /1500 төгрөг/-ийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авах байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа хамтран хэрэгжүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас уг асуудалтай холбогдууан мэдэгдэл хийлээ.

Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.


МЭДЭГДЭЛ

ШӨХТГазраас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон “Хаан даатгал” ХХК-тай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан асуудлаар шалгалт хийж  манай байгууллагад 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 7/76 дугаар Улсын байцаагчийн албан шаардлагыг ирүүлсэн болно.

“Хаан даатгал” ХХК нь орон сууц эзэмшигч, өмчлөгчдийн эд хөрөнгө, эрх ашиг сонирхолд нийцсэн, учирч болзошгүй аливаа эрсдэлээс хамгаалахад ач холбогдолтой  орон сууцны иж бүрэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний саналыг гаргасны дагуу ОСНААУГ нь Улаанбаатар хотын өөрийн эзэмшлийн ус дулаан дамжуулах төв болон инженерийн шугам сүлжээгээр дамжуулан орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд орон сууцанд ил далд гэмтлийн улмаас ус алдах, иргэд өөрсдөө ус алдуулах,  мөн байрны дээврээс борооны ус гоожих эрсдэл, галын эрсдэл, цахилгааны хэлбэлзлээс үүдэлтэй эрсдэл зэргийг багасгах,  оршин суугчдынхаа эрх ашгийг хангах зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ХА15018/06 дугаартай “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан  болно. 

Энэхүү гэрээний 3-р зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар сурталчилгаа, танилцуулга, яриа хийж, тухайн даатгуулагчтай даатгалын гэрээг зөвхөн сайн дурын үндсэн дээр байгуулах” гэж  “Хаан даатгал” ХХК-д үүргийг хүлээлгэсэн.

Манай байгууллагаас гэрээний энэ үүргийг биелүүлээгүй  талаар 2015 оны 03 дугаар сард Хаан даатгал ХХК-д энэ үүргээ биелүүлж, иргэдийг даатгалд хавтгайруулан хамруулахгүй байх, үүнээс үүсэх үр дагаврыг хариуцахгүй ба хамтарч ажиллах боломжгүй тухай албан бичгийг хүргүүлж, анхааруулж ч байсан юм. 

ШӨХТГ нь 2015 оны 05 дугаар сард шалгалт хийж, шаардлага ирүүлсний дагуу манай байгууллага “Хаан даатгал” ХХК-ийг гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж хоёр байгууллагын хооронд байгуулсан хамтын ажиллагааны  гэрээг цуцлах тухай 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 686 дугаар албан бичгийг  “Хаан даатгал” ХХК-д хүргүүлсэн.

Уг албан бичгийн дагуу  “Хаан даатгал” ХХК нь “Өдрийн сонин”-ы  2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаарт “Орон сууц иж бүрэн даатгалын гэрээг бичгээр байгуулалгүйгээр даатгалын хураамжийг  авсан гэж үзэж буй иргэд манай компанид хандана уу. Бид та бүхний даатгалын төлбөр төлсөн баримтад үндэслэн хураамжийг түргэн шуурхай буцаан олгож байна” гэх зар түгээн хэрэглэгч, оршин суугчдын хохирлыг барагдуулж эхэлсэн.

ОСНААУГ-аас “Хаан даатгал” ХХК-тай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ цуцлагдсан тул хохирсон гэж үзэж байгаа хэрэглэгч, оршин суугчдыг хохирлоо Хаан даатгал ХХК-аас төлүүлэх боломжтой байгааг мэдэгдье.

Дашрамд дурдахад,  орон сууцны хэрэглэгч, оршин суугчдын эрх ашгийг хамгаалсан, даатгалын бүтээгдэхүүнээ сурталчилсан, хэрэглэгч, оршин суугч бүрийг сайн дурын үндсэн дээр даатгалд хамруулсан, олгож байгаа нөхөн төлбөрийн хэмжээ өндөр, нийгмийн хариуцлагатай даатгалын компаниудтай хамтран ажиллах нь орон сууцны засвар үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага болохын хувьд ОСНААУГ-т шаардлагатай байдаг.

Манай хэрэглэгч, оршин суугчид дээр дурдсан эрсдэл бий болсон үед орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжлийн байгууллагад хандах, даатгал     хийгдээгүй тохиолдолд нэлээд бухимдал үүсдэг, гэм хорын асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр их хугацаа алддаг зэрэг хүндрэлүүдийг хэрэглэгч, оршин суугчдад ойр байдгийн хувьд ОСНААУГ, ХҮТ-үүд мэдэрдэг.

Ийнхүү хэрэглэгч, оршин суугчдын эрх ашиг, ажил хэргийн онцлог байдлыг харгалзан үзэлгүй, “Хаан даатгал” ХХК-тай  хамтын ажиллагааны гэрээ байгуулсан асуудлаар Нийслэлийн засаг Даргын үүргийн дагуу Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тодорхой арга хэмжээ авч байхад Монгол улсын Өрсөлдөөний тухай хуульд заасан хугацаа болон улсын байцаагчийн шаардлагад заасан хариу өгөх хугацаа нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр /ШӨХТГ нь манай байгууллагыг 2015 оны 06 дугаар сарын 11-нд хариу ирүүлэхийг даалгасан/ хугацаа болоогүй байхад ШӨХТГ нь “...ямар ч арга хэмжээ авахгүй байна, албан тушаалаа урвуулан ашиглаж, хэрэглэгчдэд онц их хэмжээний хохирол учруулсан нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажавт хариуцлага тооцуулах, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах асуудлыг түүнийг томилсон албан тушаалтан болох нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хүргүүлсэн боловч мөн тодорхой ажил зохион байгуулахгүй байна...” гэх зэргээр сөрөг мэдээлэл тарааж байгааг эсэргүүцэж байна.

ШӨХТГ нь хуулийг дээдлэх, аливаа асуудлыг ул суурьтай бүрэн дүүрэн нягталж, хэрэглэгч оршин суугчдын ашиг сонирхлыг бодитой хамгаалахгүйгээр, нийслэлийн төр захиргаа болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааг харлуулах гэсэн улстөржсөн увайгүй үйлдэл гаргаж байгаагаа таслан зогсоохыг шаардаж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top