Төв цэвэрлэх байгууламж

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 03

Төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсэгт яаралтай засвар хйиж, түр зогсолт хийх талаар өмнө мэдээлж байсан. Засварын ажлыг 72 цагт багтаан хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ хугацаанд Төв цэвэрлэх байгууламжийг 0 /тэг/ зогсолтын горимд шилжүүлэх талаар яригдсан билээ.

Уг асуудлаар өчигдөр албаныхан хуралдаж, засварын ажлын явцад Туул  голыг бохирдуулах, иргэдийн усыг хязгаарлах хоёр сонголтын талаар ярилцсан байна. УСУГ-ын дарга С.Үнэн энэ талаар “Цэвэрлэх байгууламжийг засах хугацаанд бохир усыг Туул руу цутгах, иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах хоёр асуудлын нэгийг сонгох талаар мэдээлж байсан. Харин цэвэрлэх байгууламжийг засварлах хугацаанд хоёуланг нь ямар нэг байдлаар хийх хэрэгтэй болсон.

Иргэдийн хэрэглээний усанд бага зэргийн хязгаарлалт хийнэ. Мөн ус ихээр ашигладаг үйлдвэрүүд болох машин угаалга, арьс шир, спиртний үйлдвэрүүдийн усыг цаг цагаар хязгаарлана. Мөн тодорхой хэмжээний бохир усыг ч Туул гол руу цутгахаас аргагүй байна. Гэхдээ Төв цэвэрлэх байгууламжийг хэзээнээс засч эхлэх нь тодорхой болоогүй байна. Учир Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 11-нд Франц улсад төрийн айлчлал хийнэ.

 

Өмнө нь Франц улсаас манай улсад цэвэрлэх байгууламжийг хөнгөлөлттэй зээлээр барьж өгөх саналыг гаргаж байсан удаатай. Энэ удаагийн айлчлалаар Францын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Айлчлал энэ сарын 15-нд өндөрлөнө. Тэр айлчлалаас ирээд засварын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top