Ялалтын баяраар орон даяар мод тарихаар боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан билээ.  Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ тавдугаар сарын 9-ний бямба гаригт буюу Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн өдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудын хувьд энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ялалтын ойг бэлгэдэн 70 ширхэг монос мод тарихаар болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ялалтын 70 жилийн ойд оролцож байгаа болон монгол дайчид анх удаа Улаан талбайд ялалтын парадад жагсч буйг мөн үүгээр бэлгэдэж байгаа юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Хайрын төгөл”-ийн дэргэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд мод тарих тул ийнхүү “Монгол сакура” хэмээн нэрлэдэг гоёмсог цэцэг, анхилуун үнэртэй монос модыг сонгосон байна.

Энэ жилийн нэг онцлог нь хавар тарьсан модоо намар хатааж хаяхгүйн тулд БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ярилцан шинээр тарьсан моддод бар код олгож, цахим бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Уг цахим, ухаалаг бүртгэл дээр анх тарьсан болон хөрөнгө оруулсан хүн, байгууллагын нэр, арчилгаа, усалгааг хэн хэрхэн хийж буй, ямар бордоо хэрэглэсэн, яаж ургаж байгаа явцыг бичиж бүртгэж байх юм байна. Ингэснээр мод тарьсан иргэн, байгууллага бүр цахимаар ургалтын явц байдалтай нь танилцаж байх боломж бүрдэх ажээ. Энэ цахим, ухаалаг бүртгэл нь мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ухаалаг төр, цахим бүртгэлжүүлэх санаачлагатай холбогдож байгаа юм.

Бар кодын хамгийн анхныхыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудын тарих 70 ширхэг монос модонд олгохоор болжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
setgel(202.21.115.82) 2015 оны 05 сарын 07

tarih ni ch yahav tarichihna, daraa ni ter mod zuleg hugachaad , gishgicheed yavdag uher mal shig umnuudiig yah ve

0  |  0
Top