Байр суурь: Сонгуулийн ямар систем хэрэгтэй вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 14

Парламент хаврын чуулганд багтаан хэд хэдэн чухал хууль батлахаар зорьж буйгийн дотор Сонгуулийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль багтаж буй. Өөрөөр хэлбэл, ирэх 2016 оны сонгуулийг шинэ хуулиар явуулах юм.

 Жил жилийн парламент бүрэн эрхийн хугацаандаа сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаг.  Хамгийн анх 2004-2008 оны парламент сонгуулийг томсгосон тойргоор явуулах тогтолцоотой байхаар хуульд өөрчлөлт оруулж байлаа. Ингэснээр УИХ-ын 76 гишүүн 76 тойрогт нэр дэвшдэг байсныг өөрчилж, томсгосон 26 тойрогт хуваарилсан байдаг. Дараа нь 2008-2012 оны парламентын үед сонгуулийн пропорцианаль тогтолцоо руу шилжих нь зүйтэй гэж үзэн, намууд зөвшилцсөний эцэст 48-28 гэсэн зарчмыг сонгосон. Өөрөөр хэлбэл, 28 гишүүн намын жагсаалт буюу пропорцианаль системээр сонгогдоно. Харин 48 гишүүн 26 тойрогт нэр дэвшин, ард түмнээс шууд сонгогдох зарчмыг баримтлахаар болсон юм. Тэгвэл энэ удаад сонгуулийн хуулинд ямар өөрчлөлт орох вэ. Ингээд манай сайт  УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Ядаж 2016 оны сонгуулийг энэ хэвээр нь явуулах хэрэгтэй

- Тухайн сонгуулийн хуулиар гарсан Их хурлын гишүүд дараагийнхаа хүмүүсийг гаргахуу эсвэл өөрөө гарах уу гэсэн давуу байдал гаргаж болохгүй.  Ихэвчлэн нэг сонгуулийн хуулиар ядаж нэг юм уу хоёр удаа сонгуулиа явуулах ёстой.  Пропорцианаль нь зөв үү, мажоритар  нь зөв байсан уу гэдгийг туршлагаас харах хэрэгтэй. Яг юу нь буруу болоод байгааг  мэдэх хэрэгтэй. Гэтэл тэр талаар ярихгүй байна шүү дээ. Өнөөдөр зүгээр л Ардын намд ашигтай нь дээр үү, Ардчилсан намд ашигтай нь дээр үү гэдгийг л хараад байгаа. Уг нь ард түмэнд ашигтай байх ёстой. 2012 оны хуулийг оруулж ирэхдээ энэ хууль хамгийн зөв болсон нь гэж үзээд чуулганаар баталсан. Тэгэхээр ядаж 2016 оны сонгуулийг  энэ хуулиар дахиж хийж үзэх хэрэгтэй. Практик дээр дахиж нэг туршаад 2016 оноос харин өөрчлөх тухай ярьж болох. Нэг УИХ гараад нэг  сонгуулийн тухай хууль баталдаг. Ийм жишиг тогтлоо шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъябазар: Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй

- Манай намаас шинэ хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Олон нийтийн санал асуулга явуулна. Жижиг 76-гаагаар буюу 76 мажиротари тойрог байна гэдэг хувилбарыг МАН-ын  гаргасан байгаа. Би УИХ-ын гишүүний хувьд ард нийтийн санал асуулга явуулах нь хамгийн зөв гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн М.Зоригт: Шийдвэр нь иргэдийн амьдралаас холдоод байна

- Ер нь жагсаалтаар нэр дэвшихийн давуу тал бий. Гэхдээ Монгол шиг уудам газар нутагтай улс орны хувьд жижиглэсэн мажиротари нь дээр. Тойроггүй гишүүд амьдралаас холдож явчихаад байгаа тал бий. Гишүүд яаж ийгээд тойрогтоо жилд хоёр гурван удаа ирж ард иргэдтэйгээ уулзаж байна. Үүгээрээ ч амьдралтай нь илүү ойр байж чадаад байна. Гэтэл иргэдийн өмнө хариуцлага хүлээгээгүй гишүүд ард иргэдийнхээ аж ахуйтай явж танилцаж байгаа юм уу. Ингээд бодохоор тэдний гаргаж байгаа шийдвэр иргэдийн амьдралаас холдоод байгаа. Үнэхээр л тэр цаг үеээ олсон ард олныхоо санаа бодлыг тусгасан, төлөөлсөн шийдвэр гаргахын тулд мажиротари тогтолцоо хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: 50:50 байх нь зүйтэй

- Дэлхийн хандлага нь өнөөдөр мажоритар эсвэл пропорциональ нь давамгайлах чиглэл рүү явж байна. Хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудын улс төрийн системийн хөгжил, нийт сонгогчдын боловсролтой холбоотой. Гэхдээ энд туйлшрал байж болохгүй. Дан мажоритар, пропорциональ гэсэн байдлаар хандах учиргүй. Иргэний зориг ногоон намын хувьд энэ асуудалд их тодорхой байр сууриа илэрхийлж байгаа. Ерөнхийдөө 50:50 гэсэн хувилбар руу зүгэлье. Дэвшилттэй бодлого хэрэгжүүлэх ёстой. УИХ бол ард түмний төлөөлөл гэдэг утгаараа ард түмнээ хөтөлж, үгийг нь сонсож тэргүүлж манлайлж явах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Жагсаалтын цаана нуугдсан хүмүүсийг шүүмжилсээр байна шүү дээ

- Мажоритар байх нь зөв. Сонгогчидтой уулзаад явж байхад “Жагсаалтын ард талд нуугдаж орж ирсэн хүмүүсийн царайг бид нар хармаар. Тэр хүмүүсийг бид нартай авчирч уулзуул. Та нар энэ сонгуулийн хуулиа өөрчил” гэдэг шаардлагыг байнга тавьж байгаа. Одоогийн бүх гишүүд тойрог тойрогтоо яваад яг ийм л зэмлэл хүлээсэн байх.  Тэгэхээр миний хувьд 300 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн сонгогчдыг төлөөлж байгаа учраас сонгогчдын хэлж байгаа үг бол хууль. Тиймээс мажоритар тогтолцоог дэмжинэ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Жагсаалтаар орно гэдэг бол ард түмнээр шүүлгэхгүй сонгогдох нөхцөл

- Нам, олонх гэлтгүй УИХ-ын гишүүний хувьд намын жагсаалтаар УИХ-д ордоггүй тогтолцоог нь дэмжинэ. Энэ намын жагсаалтаар орно гэдэг бол ард түмнээр шүүлгэхгүй сонгогдох нөхцөл боломжийг бий болгоод байна. Хоёрдугаарт тойргийг жижиглэхгүй том тойргоороо байх нь зүйтэй. Жижиглээд ирвэл бас мөнгөний сонгууль болчихож магадгүй гэсэн болгоомжлол байна. Мөнгөөр жижиг тойргийг худалдаж авдаг, ард иргэдийг мэхэлдэг байдал үүсэхийг хэн байг гэхэв. Байгалийн баялагийг гаргахад муу гэрээ хийгээд, асар их авилгал авсан хүмүүс их байгаа. Эд нар бол жижиг тойргийг авлигдаад л хаячих аюултай. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top