Ерөнхий прокурор М.Энх-Амгалан албан тушаалаа хүлээж аваад байгууллагадаа хэд, хэдэн томилгоог хийсний нэг нь өөрийн туслах, Тамгын газрын даргаа сольсон явдал юм. Тэрээр Тамгын газрын дарга Б.Үнэнбатыг энэ сарын 1-нээс үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн хурандаа Ц.Арвинбуудайг томилсон билээ. Тамгын газрын дарга асан Б.Үнэнбат уг томилгоог хууль бус гэж үзэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхэд ханджээ. Шүүх түүний хүсэлтийг хүлээн авч, өнгөрсөн баасан гаригт захирамж гаргасан байна.
Уг захирамжид “...Ерөнхий прокурорын энэ сарын 1-ний Б/74 дугаар тушаалд Б.Үнэнбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж... гэсэн хэсэг, уг тушаалын дөрөв дэх заалт буюу шинэ томилгоо, мөн тус өдрийн Б/75 дугаар тушаалыг хэрэгжүүлэхгүй байх буюу Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын даргын албан тушаалд дахин томилгоо хийхгүй байхыг хариуцагч Ерөнхий прокурорт даалгасугай” гэжээ. Өөрөөр хэлбэл, Б.Үнэнбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ц.Арвинбуудайг томилсон тушаалыг хэрэгжүүлэхгүй байхыг захирамжилжээ.
Сэтгэгдэл ( 0 )