Сонгуулийн хуулийн “Галын фронт” дээр намууд нэгдэж чадах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 17

УИХ-ын намрын чуулганы халуухан сэдвийн нэг нь Сонгуулийн тухай хууль байх болно. Халуун хэмээн тодотгох шалтгаан нь эдүгээ парламентад суудалтай намууд энэ асуудлаар бүгд өөр өөр байр суурь баримталж байгаа явдал юм. Тэгэхээр төр засгийн түвшинд хамтарч буй энэ намууд үг хэлээ ололцож, санаа бодлоо нэгтгэх гэж  хотны ноос түүж эсгий хийхтэй адил юм болох байх.

Эрх баригч улс төрийн хоёр гол хүчний бас дахин МАНАН-тах шалтгааны нэг нь  энэ Сонгуулийн хуулийг өөрчлөх явдал байсан.  Уул шугамандаа одоогийн хүчин төгөлдөр байгаа хуулийг өмнөх сонгуулийн хугацаанд хоёр нам хамтарч байгаад шийдэж баталсан хууль. Тэгэхээр ердөө нэг сонгуулийн хугацаанд л үйчилсэн “будаг нь ханхалсан” шинэхэн хууль хэмээн тодотгож болно. Гэтэл энэ хуулийг дахин “будах” хэрэгтэй болж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл өмнөх МАНАН-гийн үед баталсан мажоритар, пропорционал хосолсон буюу 28:48 гэсэн  хувь тэнцүүлсэн системээр  сонгууль явуулсан нь тийм ч зохимжтой биш байна гэнэ.

Энэ системийн зарчим нь нам, эвсэлд авсан саналынх нь хувьд тэнцүүлэн парламентад суудал эзлүүлэх явдал юм. Сонгуулийн энэ хувилбарт  сонгогчид ч тийм таатай хандаагүй. Учир нь тойргоос дэмжлэг хүлээж чадахгүй  “тохиолдол”-ын  олон улс төрч намын нэрсийн жагсаалтаар УИХ-д орж ирсэн. Үүнийг зарим парламентчид “Оймсонд хавчуулагдаж” орж ирсэн хэмээн шоглох тохуурхахын  хооронд хэлээд байгаа нь цаанаа сонгуулийн систем чинь болохгүй байна шүү гэсэн сануулга байж болох юм.  Ингэснээр бас нэг ч нэр дэвшигч нь тойргоос сонгогдож чадаагүй мөртөө намын жагсаалтаар парламентад суудалтай нам болчихож байх жишээний.  

Зарим парламентичид “Оймсонд хавчуулагдаж” орж ирсэн хэмээн шоглох тохуурхахын хооронд хэлээд байгаа нь цаанаа сонгуулийн систем чинь болохгүй байна шүү гэсэн сануулга байж болох  юм. 

 

Хэрэв одоо мөрдөгдөж байгаа Сонгуулийн хуулиар 2016 оны сонгуулийг явуулбал  ирэх сонгуульд улс төрийн гурав дахь хүчнийхэн намын жагсаалтаар олноороо орж ирэх магадлалтай гэж яриад байгаа нь оргүй үг биш юм шиг байна. Ийм боломжийг олж харсан болохоороо тэд ирэх сонгуулийг 100 хувь пропорционал буюу хувь тэнцүүлэх  зарчмаар явуулахыг дэмжинэ гэж байна.

Сонгуулийн зарчмаар намууд өөр өөр байр суурьтай байгаа гэдгийг дээр дурдсан. Тухайлбал, гурав дахь хүчний улс төрчид ийм санал бодолтой байгаа бол АН холимог сисемийг түлхүү дэмжиж 50:50 гэсэн харьцаагаар явуулахыг дэмжиж байгаа гэх мэдээлэл бий. Энэ холимог систем бол сонгуулийн системүүдийн хосолсон хэлбэр юм. Парламентын суудлын 50 хувийг улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн төлөөх санал хураалтаар, үлдэх 50 хувийг намуудад өгсөн сонгогчдын саналыг харгалзан, намын нэрсийн жагсаалтаар бүрдүүлнэ  гэсэн үг.  Харин МАН-ын хувьд  100 хувь  мажоритар байх нь зүйтэй гэсэн байр сууринаас хуулийн өөрчлөлтөд хандаж байгаагаа тус намын бүлгийн дарга С.Бямбацогт илэрхийлээд байгаа. Ингэхдээ тэд нэг тойрог, нэг мандат гэсэн зарчитай байх нь зүйтэй гэж үзэж байна.  Эдгээр саналуудтай зэрэгцэн томсгосон тойрогтой, пропорционал систем Монголд тохирно гэх улс төрчид ч бас бий. Хэрэв ийм томсгосон тойргоор санал хураалт явуулбал сонгогчид  нэр дэвшигчдэд эрэмбэ дараалал тогтооно гэсэн үг. Энэ нь тухайн нэр дэвшигчийн үнэлэмжийг үнэн зөв илэрхийлэх сайн талтайгаас гадна олон жижиг тойрогт  хөрөнгө мөнгө их зарцуулдаг үрэлгэн хандлагыг цэгцлэнэ гэж үзэж байгаа юм.

Монголд чөлөөт ардчилсан сонгуулийн тогтолцоо бүрэлдээд 20 гаруй жил болж байна. Харин энэ хугацаанд сонгууль бүрээрээ хуулиа өөрчилж ирсэн байх юм. Үнэхээр төгс төгөлдөр хуулийн төлөө ингээд байна уу эсвэл улс төрийн намууд өөр өөрсдийн эрх ашгаар хуульд хандаад байна уу гэдэг нь эргэлзээтэй. Ямартай ч хэн илүү худлаа амалдаг, хэр зэрэг популизм хийж чадсан нь эсвэл мөнгөтэй чадалтай нь  сонгогдоод байгаа нь Сонгуулийн хууль нэг л болж өгөхгүй, дутуу дулимаг юм байгаад байгааг илэрхийлж буй хэрэг.

Монголд чөлөөт ардчилсан сонгуулийн тогтолцоо бүрэлдээд 20 гаруй жил болж байна. Харин энэ хугацаанд сонгууль бүрээрээ хуулиа өөрчилж ирсэн байх юм. 

 

Сонгуулийн хуулиа дахин дахин өөрчлөөд байх нь сонгогчдыг төөрөлдүүлдэг, тэдний идэвхийг бууруулдаг, улс төрчдийг ганцаарчилсан тоглолт хийх боломж олгодог гэхчлэн сөрөг талтай гэж байна.

Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг  сонгууль болохоос наанадаж 6 сарын өмнө баталсан байх учиртай. Энэ хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 31 болно гэсэн үг. Ингэхээр парламентчид ирэх намрын чуулганд хамгийн түрүүнд энэ хуулиа барьж авах магадлалтай юм.

П.Булган

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.120.116) 2015 оны 03 сарын 17

Можаритори тогтолцоо хамгийн тохиромжтой. 1.Шууд ардчиллын үнэ цэнэтэй хэлбэр. Иргэний төр барилцах эрхийг ямар нэг дамжлагагүйгээр илэрхийлдэг. 2.Манай үндсэн хуульд иргэн төрийн төлөөллөө сонгох зарчмын нэгийг ”шууд” гэж заасан. Ямарч гоё тайлбар ҮХ зөрчсөнийг, ”намын жагсаалт”-ыг зөвтгөхгүй. Энэ нь хатуу хэлбэл, иргэний сонгох эрхийг намууд булаасантай адил. 3.Монгол шиг цөөн хүн ам, сонгогчтой оронд пропорционал, мөн холимог тогтолцоо нийцэхгүй байгааг амьдрал харууллаа. Намууд төлөвшөөгүй, нэр хүнд муутай, бохир ажиллагаа ихтэй нөхцөлд бүр ч хэрэг алга. 4.Хар машиныг халъя.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.37) 2015 оны 03 сарын 17

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Зочин(183.177.98.26) 2015 оны 03 сарын 17

Орон нутгийн сонгуулийг мөн тойргоос бүрэн гаргаж ирье.Ингэхдээ холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулж төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг сонгогчдын тодорхой хэсэг байхаар тусгах. Орон нутгийн сонгуулийн одоогийн системээр сонгууль явуулвал сум орон нутаг хөгжих,дэвжих бодлогын талаар ярилтгүй.Намын хэдэн төлөөлөл хэдэн ажилгүй,малчин гаруудыг оруулж авчихаад л ард түмний 4 жилийн амьдралаар тоглоод өнгөрөөх явдал хэвийн л үргэлжлэнэ.Үндсэн хуульд бүх хүн сонгогдох,сонгох эрхтэй гэсэн заалтыг сүрхий бодолцох.Суманд олон жил ажилласан төрийн албан хаагч жинхэнэ төрийн хар хүмүүс шүү.

0  |  0
Зочин(183.177.98.26) 2015 оны 03 сарын 17

УИХ-ын сонгуулийг томгосон буюу эсвэл 76 тойрогт можаритор системээр явуулж бүх гишүүдийг тойргоос гаргаж ирэх нь зөв. УИХ-ын гишүүний тоо 76 байх нь хаэр зохилтой вэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Намын санал,квот,жагсаалтаар орж ирэх явдлыг бүрэн зогсоох. УИХ-ын гишүүнийг ард түмний саналаар сонгуулиар гаргаж ирчихээд халдашгүй бүрэн эрх өгдөгийг болих,төр үймүүлэх,самрах ажиллагаа зэрэг зохисгүй ааш гаргасан нөхдийг тухайн тойргийн сонгогчдын 3/1-ээр эргүүлэн татдаг системд шилжихгүй бол УИХ-д гарсан нөхөд иргэд,соногчид,улсынхаа эсрэг ашгийн төлөө илтээр ажилладаг нь тодорхой болллоо

0  |  0
Зочин(183.177.98.26) 2015 оны 03 сарын 17

УИХ-ын сонгуулийг томгосон буюу эсвэл 76 тойрогт можаритор системээр явуулж бүх гишүүдийг тойргоос гаргаж ирэх нь зөв. УИХ-ын гишүүний тоо 76 байх нь хаэр зохилтой вэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Намын санал,квот,жагсаалтаар орж ирэх явдлыг бүрэн зогсоох. УИХ-ын гишүүнийг ард түмний саналаар сонгуулиар гаргаж ирчихээд халдашгүй бүрэн эрх өгдөгийг болих,төр үймүүлэх,самрах ажиллагаа зэрэг зохисгүй ааш гаргасан нөхдийг тухайн тойргийн сонгогчдын 3/1-ээр эргүүлэн татдаг системд шилжихгүй бол УИХ-д гарсан нөхөд иргэд,соногчид,улсынхаа эсрэг ашгийн төлөө илтээр ажилладаг нь тодорхой болллоо

0  |  0
Top