Засгийн газар цахилгаан станц бөөндөж, хөл бөмбөгчид гоол алдав

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 14

Даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар цагийн тооллыг нэг цагаар урагшлуулах шийдвэр гаргасан нь дэмжлэг, шүүмжлэлийн аль алийг дагуулж байна. Угаас аливаа шийдвэр хэн бүхэнд таалагдах албагүй ч зуны цагийн тоололд шилжсэнээр эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлт гарна хэмээн тодотгож буй. Гэвч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн урьд нь мөрдөж байсан энэ шилжилтийг  хүчингүй болгосноос хойш хэдэн жил өнгөрч байна. Цагийн тооллыг цааш нааш болгож өөрчлөх нь хүний биеийн биологийн цагийг хүчээр дасан зохицуулахад хүргэж, ялангуяа сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэндэд халтай хэмээн хэрэгсэхгүй болгож байсан юм.  

Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг цаг урагшлуулахаас өөр ажил хийхгүй байна гэсэн шүүмжлэл үүнтэй зэрэгцэн дэгдэв. Энэ шүүмжлэл дээр нэрмээс болж Ерөнхий сайдыг хамгийн муу улс төрчөөр нэрлээд байна.

Улирч буй долоо хоногт Засгийн газраас хэд хэдэн том төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн нь он гарснаас хойшхи хамгийн том шийдэл болов. Тухайлбал, бүр 1990-ээд оны дундуураас эхлэн яригдсан  “урт настай удаан жаргалтай” Эгийн голын усан  цахилгаан станцыг барих санхүүжилт, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын хурдны замын хөрөнгийг БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн нэг тэрбум  ам.доллараас хуваарилахаар болов.

Улс төр амарч байгаа ч энэ долоо хоногийн эхээр ИЗНН 15 жилийн ойгоо Их хуралтайгаа хамтатган хийж, “гал тогоо”-ныхоо  асуудлыг ярилцав. Мөн намын дарга нараа сонгож,  үнэн худал нь тодорхойгүй байсан Засгаас гарах  эсэх асуултад хариу өглөө. Шинэ зохион байгуулалтаар тус нам С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гэсэн гурван даргатай болж байна.

Сонгуулийн тогтолцооны сэдвийг хэвлэл мэдээллийнхэн энэ долоо хоногт  түлхүү хөндлөө.  Хаврын чуулганы халуун сэдэв нь энэ сонгуулийн хууль байх бололтой. Энэ талаархи намуулын байр суурийг тодотговол  МАН 100 хувь мажоритар  систем тохиромжтой гэж үзэж байгаа бол АН холимог, гурав дахь хүчний намуудын хувьд болж өгвөл 100 хувь про­пор­циональ тогтолцоог илүүд үзэж байгаа нь тодорхой. Тойрогтоо ажиллаж байгаа УИХ-ын гишүүд сонгогчдоосоо сон­гуулийн тогтолцоогоо асууж яваа сурагтай.   

Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллага болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлага, яамдын Төрийн нарийн бичгийн дарганар болон холбогдох бусад хариуцлагатнууд оролцсон “Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” хэлэлцүүлэг пүрэв гаригт  боллоо.  Төрийн ордонд болсон энэ хэлэлцүүлэгт УИХ-ын дарга З.Энхболд оролцож үг хэлэхдээ “Сайн хууль гаргаж хянан хэрэгжүүлэх нь бидний үүрэг” гэдгийг онцолсон юм.  

Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ долоо хоногт анх удаа “Сайдын цаг” мэдээллийн нээлттэй уулзалтыг зохион байгуулав.  Анхны уулзалтад  Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож  салбартаа  хийж хэрэгжүүлж буй ажил,  цаашдын төлөвлөгөөнийхөө талаар мэдээллээ.  

Сайдын анхлан дуулгасан мэдээлэл гэвэл энэ салбар өнөөдрийн байдлаар 144 төгрөгийн  өртөгтэй цахилгааныг 122 төгрөгөөр борлуулж, 1квт цаг тутамд 22 төгрөгийн алдагдал хүлээж, 2014 оны байдлаар энэ салбар 68.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа тухай байв. Үүнийг шалтгааныг сайд цахилгаан дулааны үнийг  төрөөс зохицуулж  ирсний үр дагавар хэмээн тодотгов.  Энэ бол цаашид үнэ нэмнэ, бүр чөлөөлөх тухай сануулга гэдэг нь тодорхой.

Долоо хоногийн шинэ соргог гэмээр мэдээний нэг нь шинэ нам мэндлэх тухай байсан юм.  Аль халуун намраас сураг нь гараад байсан  “Монгол хүний төлөө нам”-ыг өчигдөр Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан ч  бүртгэхээс татгалзсан тухай мэдээлэл түглээ. Харин чухам ямар учир шалтгаанаар гэдэг нь тодорхойгүй байна. Татгалзсан үндэслэлээ Улсын Дээд шүүх даваа гаригт бичгээр өгөх ажээ. Энэ нам бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүтэй хүмүүсийн санаачилсан улс төрийн хүчин гэдгийг тодотгоё.

Дашрамд дурдахад  үүний өмнө  хэсэг залуусын санаачлан байгуулсан Монгол хүний төлөө нам /МХТН/-ын цаана УИХ-ын  гишүүн  С.Ганбаатарыг байгаа гэх мэдээлэл  хөвөрч байна.

Энэ өдрүүдэд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс  Дархан Эрдэнэтийн  үйлдвэрийн  районд ажиллаж байна. Энэ үеэрээ Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрүдийн үйл ажиллагаатай танилцжээ.

Мөн энэ өдрүүдэд Оюутолгой компани шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулж,  тариаланчид хаврын тариалалтынхаа бэлтгэлийг хэлэлцэж байна.

Энэ долоо хоногийн спортын ертөнцийн онцлох үйл явдлын нэг нь Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтод Зүүн Тиморын багтай  хийсэн тоглолт байв. Энэхүү тоглолт 4:1-ээр талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө.

П.Булган

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(182.160.6.209) 2015 оны 03 сарын 14

БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн нэг тэрбум ам.доллар...

0  |  0
Б.Даваахүү(202.179.28.6) 2015 оны 03 сарын 14

300 сая доллараар 500 сая кВт-ц гаргах Эгийн голын УЦС-ыг барих гэж байсан. Гэтэл төслийг шинэчлэн хийхдээ 827 сая доллароор 606 сая кВт-ц гаргахаар болгон барих гэж байгаа нь Монгол Улсаа өрөнд оруулах арга хэмжээ болж байгаад ихэд харамсаж байна. Ийм өндөр өртөгтэй УЦС-ын цахилгааныг хэн худалдан авах ом бэ?

0  |  0
Зочин(202.126.89.176) 2015 оны 03 сарын 14

За даа цахилгаан станц барина барина л гээд байдаг. Харин баригдсан нь ганц ч байхгүй. Тавдугаар цахилгаан станцаа барьж чадахгүй өдий олон жил болж байж Багануур хаана хаана ч билээ баахан станц барина гээд. Бас л популизм. Зүгээр л худлаа ярьж цаг нөхцөөх арга нь энэ

0  |  0
Top