Цэцэрлэгийн эрхлэгч нь эцэг эхчүүдээс 14 сая төгрөг хууль бусаар авчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 04

УИХ-ын өргөдлийн байнгын хороо болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Баянгол дүүргийн 76-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Оюунсүрэнгийн талаар гомдол иржээ. Түүнийг орон тоог нэмж мэргэжлийн бус хүнийг ажилд авсан, ажилчидтайгаа зүй бус харьцдаг, хүүхдийн хоолны цаг, дэглэм зөрчдөг, эцэг эхчүүдээс мөнгө татдаг гэсэн гомдлыг гаргасан байна.

Уг гомдлын дагуу Мэргэжлийн хяталын ерөнхий газраас тус цэцэрлэгт шалгалт хийж 13 багшийн гурав нь мэргэжлийн бус, дөрөв нь багшлах эрхгүй байсныг тогтоосон байна. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч, багш ажилчдаас албадлагын шинжтэйгээр 14 сая гаруй төгрөг хураан авсан нь тогтоогджээ.

Энэ нь БСШУ болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Сургууль, цэцэрлэг хөгшүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-д заасан “...Хандив, буцалтгүй тусламж цуглуулах нь хандивлагчийн болон тусламж үзүүлэгчийн хүсэл сонирхолд нийцсэн байх бөгөөд нийтийг хамарсан албадлагын болон тэгшитгэн хураасан шинжгүй байна” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үг юм.
Мөн тэрбээр цэцэрлэгийн сангийн хөрөнгийг Төрийн санд байршуулаагүй, санд төвлөрсөн мөнгийг эцэг, эх, багш нарын гар дээр бэлнээр байлган зарцуулж байжээ. Үүгээр зогсохгүй цэцэрлэгийн гал тогооны таазнаас байнга ус дусдаг, маш их чийгтэй орчинд хоол бэлтгэдэг, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус, чийгтэй орчинд хадгалдаг, хүүхдийн хоолны дээж авалт ил задгай, анги, бүлгийн ариун цэврийн өрөөний бохирын шугам, угаалтуур, суултуурыг солихдоо хүүхэд, багш ажилтны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдүүлээгүй зэрэг зөрчил байсан бөгөөд зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгч биелэлтийг дахин шалгахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top