”Алтай констракшн” хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс өрлөгчин залуу амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саруул" хорооллын В4 блокийн нэгдүгээр орцонд өнгөрсөн ням гарагт 13 цаг үед хүний амь нас эрсдсэн харамсалтай явдал гарсан. Үүний дараа "Саруул" хотхоны барилгын үйл ажиллагааг хуулийн байгууллагаас зогсоосон юм. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

- Юуны улмаас осол гарсан бэ?

- Энэхүү осол нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас гарсан. Тухайн үед амиа алдсан залуу нь лифтний хонгилд өргүүр ажиллуулж есөн давхар луу тоосго буулгаж байгаад өргүүрийн тросс буюу ган татлага нь тасарснаас болж осолдсон.  Энэ үед тоосго буулгах ажилтан ирээгүй байсан тул амиа алдсан залуу тоосго явууллаа гэж орилох үед нь  тоосго буулгахаар очсон байгаа юм. Түргэн тусламж дуудсан боловч ирэх замд нас барсан байсан.

-Тухай иргэн энэ компанид ямар албан үүрэг гүйцэтгэж байв?

- 36 настай, өрлөгчин залуу.

-Өмнө нь тус барилгын ажил гүйцэтгэгч компаниас ямар нэгэн осол гэмтэл гарч байсан тохиолдол бий юу?

- Тийм зүйл бол байхгүй.

- Барилгын үйл ажиллагааг хэдий хэр хугацаанд хориглосон байгаа вэ?

- Осол гарсан өдөр буюу хоёрдугаар сарын 8-аас  хойш үйл ажиллагааг нь зогсоосон байгаа. Тодорхой хугацаа  заагаагүй. Зөрчилөө арилгасан тохиолдолд үйл ажиллагаагаа явуулж болно.

-Өөр аюулгүй байдал болоод хөдөлмөр хамгааллын ямар нэг зөрчил тус барилга дээр гарсан уу?

- Мэргэжлийн хяналтын байгууллага осол гарснаас хойш хоёр цагийн дараа буюу 15 цаг 50 минутад ослын газарт очиж ажилласан. Биднийг очиход цогцосыг есөн давхарт тоосго налуулсан байдалтай байсан. Энд тухайн гүйцэтгэгч компани барилгын тухай хуулийн 14.1 Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, ... угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ, барилга угсралтын үйл ажиллагаанд зохицуулах нийтлэг журмын есдүгээр зүйлийн 9.2.2 Тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгж, байгууллага болон иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хориглоно гэх заалтуудыг зөрчиж, захиалагч, гүйцэтгэгч “Алтай констракшн” ХХК, иргэн Д.Гансүхтэй 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 04\134 тоот “Саруул хотхон” хорооллын В4 блокын дотор өрлөгийн ажил хийх тухай гэрээ байгуулж барилгын ажил хийсэн.

Хөдөлмөрийн тухай тухай хуулийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй, ажиллах нөхцлийг бүрдүүлээгүй, захиалагч болоод хяналт муугаас болж осол гарсан гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Амиа алдсан ажилтан нь ажлын нөхцөлд тохирсон хувцас, толгойн хамгаалах хэрэгсэлгүй ажилласан байсан. Мөнхөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, сургалтад хамрагдаагүй ажилтанг ажиллуулсан, өргөх зөөх тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргаж баталгаажуулсан техникийн магадлагаа, бичиг баримт, лифтний хонгилд байрлуулсан өргүүрийн угсралтын зураг, ашиглалтын паспорт, холбогдох бичиг баримтууд ажлын байранд байлгах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top