Үндсэн хуулийн эхийг төрийн түүхийн музейд зална

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 11

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ 2015 оны нэгдүгээр сарын 12-ны Даваа гарагт Төрийн ордонд болно.

Энэ үеэр Монголбанкны Эрдэнэсийн санд эх хувь нь хадгалагддаг Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны цагаан чулуун тамга, Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны мөнгөн тамга, Шашин төр хоёрыг хослон өрнүүлэгч Эх дагинын мөнгөн тамга, Богд Живзундамбын алтан тамга, Зарлигаар өргөмжилсөн шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Живзундамба ламын алтан тамганы хуулбаруудыг Монгол банкнаас Төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалуулж олны хүртээл болгохоор хүлээлгэн өгөх юм. Төрийн түүхийн музейд одоогоор цаасан баримт болон биет үзмэр бүхий нийтдээ 140 гаруй ховор нандин үзмэр бий аж. Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан Үндсэн хуулийн уг эхийг 7 хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлэх юм.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс оролцоно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top