Хогны уутыг дотооддоо үйлдвэрлэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 11

Нийслэл захиргааны шийдвэрээр айл өрхөд хогны ногоон уутыг тараах болсоор удаж байгаа.  Энэ хугацаанд тус ууттай холбоотой янз бүрийн мэдээлэл гарах болсны нэг нь "Хогны ногоон уутыг дотооддоо үйлдвэрлэхгүй Хятадаас оруулж ирж байна" гэсэн мэдээлэл юм. Үүнтэй холбоотойгоор тус уутыг үйлдвэрлэгчид өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө.

2014 оны байдлаар “Монгол хэвлэл”, “Мөнгөн пластик”, “Мултипак”, “ОБ пластик” хэмээх дөрвөн компани Нийслэлээс зарласан тендерт ялж дөрвөн төрлийн хогны уутыг үйлдвэрлэжээ. Тус компаниудын удирдлагууд мэдэгдэхдээ, "Ер нь хог хаягдлын уутыг зориулалт, нэр төрлийг нь олшруулах хэрэгтэй гэж үзээд тоног төхөөрөмж судалж эхэлсэн. Үүнийхээ хүрээнд тодорхой хэмжээний бэлдцийг оруулж ирсэн. Түүнийг бэлэн орж ирсэн гэж хэлж болохгүй. Хуйлаастай уутыг хэвлэж, тасдах, наах зэрэг таван дамжлагаар ордог"  гэлээ.

Дээрх үйлдвэрүүдээс “ОБ пластик” компани 2014 онд 554 сая төгрөгийн орон сууцны айл өрхөд зориулсан жижиг сэнжгүй уут 5.5 сая ширхэгийг үйлдвэрлэж, нийлүүлжээ. Хогны уутыг дээрх дөрвөн компани тус бүр 5.5-7 сая ширхэгийг үйлдвэрлэсэн байна. Хогны уут нэг ширхэг нь 95-97 төгрөгийн үнэтэй гардаг бөгөөд харин нийслэл тэдгээрийг 100 төгрөгөөр худалдан авдаг ажээ. Тус үйлдвэрүүд хогны уутны бэлдцийг Хятадаас оруулж ирдэг ч, эндээ эцсийн бүтээгдэхүүн болгож гаргадгаа онцлож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top