Ж.Эрдэнэбат: 2015 оны төсвийн тодотгол өмнөх 2,3 жилийн алдааг засах зорилготой

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 05

Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай 2015 оны төсвийн тодотголын талаар ярилцлаа.

- Энэ жил төсөв санхүүгийн шинэчлэл хийгдэж байгаа гол асуудлууд тодотголд хэрхэн орж байна вэ? Эхний төсөв хэр өөрчлөгдөв?

- 2015 оны төсвийн тодотгол өмнөх хоёр, гурван жилийн алдаануудыг засах гол зорилго байна. Хэдийгээр эдийн засаг өсөлттэй байгаа гэж ярьж байгаа ч өгөөж нь ард иргэдэд ч, төсөвт ч байхгүй байна. Ямар нэгэн байдлаар эдийн засаг өсөлттэй байсан бол төсвийн орлого нэмэгдэж, эдийн засаг хүндрэхгүй байх байсан. Эдийн засгийн өсөлт өгөөжгүй байгаа учраас жил бүр төсвийн орлого нэг их наяд орчим төгрөгөөр тасарч байна. 2015 оны төсөвт ч өнгөрсөн оны төсвийн орлогын төлөвлөгөөнөөс 160 орчим тэрбум төгрөгийн илүү орлого төлөвлөлж оруулж ирсэн. Гэтэл 2014 оны төсөв нэг их наяд гаруйгаар тасарсан байгаа. Цаашдаа эдийн засгийн өсөлтийг энэ хэмжээнд бариад явахад энэ оны гүйцэтгэлтэй адилтгах хэмжээний орлого орох боломжтой. Тиймээс бидэнд хэтэрхий тэлчихсэн төсвийн бодлогоо хумих зайлшгүй шаардлагатай байна. Үүний хүрээнд зарим нэг зардлаа бууруулан бодит нөхцөл байдал дээр нь аваачсан. Зөвхөн яам, агентлагуудын бүтэц, орон тоог тодорхой хэмжээгээр бууруулсан. Бусад төсвийн байгууллагын орон тоог цомохтгоогүй.

- Одонтой эхчүүдийн мөнгийг олгохгүй, хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт өгнө, цалин тэтгэвэрийн нэмэгдэл байхгүй гээд олон нийтийн анхаарал татсан асуудлууд байна. Эдгээрийг төсвийн тодотголд хэрхэн оруулсан бэ?

- Бүхий л  хасч болох зардлуудыг хассан. Төсвийн байгууллагуудын хувьд урсгал зардал, тэвчиж болох зардлаа бууруулж, гадаад албан томилолтод энэ жил явах шаардлагагүй гэж үзсэн. Дотоод албан томилолт болон шатахуун, техник, тоног төхөөрөмж гээд олон зардал байдаг. Бүх урсгал зардлыг 10-30 орчим хувиар бууруулсан. Мөн халамж үйлчилгээний чиглэлийг тодорхой хэмжээгээр бууруулах шаардлагатай болсон. Гэхдээ огт өгөхгүй биш, зорилтод бүлэг рүү нь хандуулна. Нийгмийн хамгаалалын яамнаас гаргасан судалгаанаас үзэхэд нийт өрхийн 40 орчим хувьд хүүхдийн мөнгө олгохгүй байх бололцоотой. Өрхийн орлого амжиргааны түвшингээс өндөр айл, өрхөд хүүхдийн мөнгө олгохгүй. Одонтой эхийн мөнгийг, хамгийн бага хүүхэд нь 18 нас хүрсэн хүнд өгөхгүй. Мөн төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмж хавтгайлан олгогдож байсан. Ерөөсөө төрийн албанд 3,4 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан бол 36 сарын тэтгэмж авч байсан. Үүнийг төрийн албанд ажилласан хугацаатай нь уяалдуулж олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажилласан жилд нь тааруулан тэтгэлэг олгоно.

-Төсвийн алдагдал таван хувь байхаар тодотгол оруулж ирж байх шиг байна. Тэгэхээр бондуудын хөрөнгийг төсөв рүү нэгтгэх үү?

- Нэг талдаа бондын хөрөнгө, нөгөө талдаа Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж өгсөн. Хэрвээ төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр улсын чанартай хөрөнгийг санхүүжүүлсэн бол үүнийг тухайн жилийн төсөвт нь суулгаж өгнө гэж өөрчилсэн. Тэгэхээр энэ нь бондын мөнгө ч байж болно, бусад эх үүсвэрээс санхүүжиж байгаа хөрөнгө оруулалт байж болно. Ингэснээр төсвөөс гадуур төсөв яваад байна гэсэн яриа байхгүй болно гэж үзэж байгаа.

- Өрийн хязгаарыг 70 хувьд хүргэх заалт орсон байсан?

- Өнөөдрийн байдлаар өрийн хязгаар өр болоод төсвийн алдагдлын хувьд хоёулаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрччихсөн явж байгаа. Тиймээс нэгдүгээрт, хуулинд нь нийцүүлэх ёстой. Хоёрдугаарт, хуульд нийцүүлсний дараа, тодорхой хугацааны дараа одоогийн тавигдаж байгаа шаардлагад аваачих хэрэгтэй. Жишээлбэл, өрийг 40, төсвийн алдагдлыг хоёр хувьд нь хүргэнэ. Тэгтэл өнөөдөр төсвийн алдагдал найман хувь, өрийн хязгаар 55 хувьд хүрээд байна. Үүнийг бид зүгээр сууж байгаад засчихгүй. Тиймээс эдийн засгаа тэлэх хэрэгтэй. Эдийн засгаа тэлэхийн тулд бидэнд мөнгө хэрэгтэй. Тэгэхээр мөнгө босгож, ирж байж эдийн засгаа тэлнэ. Дотооддоо мөнгө, санхүүгийн хомсдолд орчихсон энэ цаг үед эдийн засгаа тэлнэ гэдэг хүнд. Тиймээс өрийн босгыг 70 хувьд аваачсан. 2018, 2019 он гэхэд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлнэ гэж бодож байна.

- Мөнгө босгоно гэхээр нэмж бонд гаргана гэсэн үг үү?

- Бонд гаргахдаа гол нь биш. Бид бонд гаргаад явахгүй гэж үзэж байгаа. Бонд гэдэг бол хүү өндөртэй, богино хугацаатай арилжааны зээл. Зээлийн үйлчилгээний зардал маш их гардаг. Үүнээс болж төсөвт маш их дарамт үүсдэг. Тиймээс эдийн засгаа тэлэх баталгаа маягаар урт хугацаатай, бага хүүтэй зээлүүдэд зарцуулна. Бидэнд 20-30 жилийн хугацаатай зээл авах хүсэлтүүд нэлээд хэд ирсэн. Энэ зээлийг бид авч ашиглах ёстой. Ингэж байж жилийн хоёр хувь хүрэхгүй хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл авч төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлнэ. Цаашдаа богино хугацаатай зээл авахгүй гэдэг дээр Засгийн газар хатуу байр суурьтай байгаа.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top