Д.Оюунтүлхүүр: Одоо нэг хэсэгтээ л уран бүтээлээсээ хөндийрөхгүй ээ

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 14

Ирэх сарын 01, 02-нд МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр “Хайрын эгшиг” бие даасан тоглолтоо Соёлын төв өргөөнд тоглох гэж байгаа билээ.

 

Олон жил хүлээлгэсэн уг тоглолтод зориулж Д.Оюунтүлхүүрийн хань уран бүтээлч нөхдийнх нь хамт түүний хөрөг нэвтрүүлгийг бага хэмжээний баримтат кино хэлбэрээр бүтээн үзэгчдэд хүргэхээр болжээ. Дуучин Д.Оюунтүлхүүр Японд байхдаа 500 гаруй хүмүүнлэгийн тоглолт зохион байгуулж, өөрийн “Оюунтүлхүүр” сангаараа дамжуулан, өнөөдрийг хүртэл олон зуун хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.

 

Тэрбээр Япон-Монголын харилцаанд тодорхой хувь нэмэр оруулж, Японы ард түмэнд Монголын өв соёл, зан заншил урлагийн талаархи мэдээллийг хүргэж, эх орноо сурталчилсан анхны монгол дуучин юм. Тиймээс түүнийг хоёр орны найрамдалт харилцаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, Японы Засгийн газраас нэрэмжит шагналаа олгож байгаа бөгөөд тоглолтын үеэр шагналыг гардуулах аж.

 

Мөн түүний тухай өгүүлэх хөрөг нэвтрүүлгийн хөтлөгчөөр жүжигчин Ч.Ундрал ажиллаж байгаа бол уг нэвтрүүлэгт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Их аварга Д.Дагвадорж, Ардын жүжигчин Н.Жанцанноров нарын эрхэм хүмүүс оролцож байгаа гэнэ. ингээд та бүхэнд дуучин бүсгүйтэй хэдэн хором ярилцсанаа хүргэе.

 

-Танд Японы Засгийн газар нэрэмжит шагналаа өгөхөөр болсон гэсэн. Ямар шагнал юм бэ?

-Япон, Монгол хоёр улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг минь үнэлсэн шагнал шиг байгаа юм. Би одоогоор тодорхой сайн мэдээгүй л байна. Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизү гуай намайг шагналд тодорхойлсон юм билээ. Тэгсэн нэг өдөр утасдаад шагнал авахаар болсон. Гэхдээ одоохондоо хэнд ч хэлж болохгүй шүү гэсэн. Би ч таг нуугаад л байлаа. Тэгсэн элчин сайд маань өөрөө баярлаж догдлоод зарлачихсан байсан. Шагналын тухайд их нэр хүндтэй. Уг шагналыг жил бүр өгөөд байдаггүй гэнэ лээ. Сонсох нь ээ, 50 жилд нэг удаа өгдөг гэсэн. Миний хувьд их нэр төртэй ч гэлээ тун өндөр хариуцлага ноогдож байна.

 

-Хүүхэд байхдаа л Японд болсон уралдаанд түрүүлсэн байх аа?

-Японд болсон дэлхийн хүүхдийн хөгжмийн наадамд оролцож Гран при шагнал авч байсан юм. Тэр үед би 13 настай Хөгжим, бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангийн сурагч байлаа. Уг наадамд түрүүлснээр миний амьдрал, уран бүтээл Япон улстай холбогдсон. Дэлхийн наадамд оролцох болсон түүх маань ч сонин. Нэг өдөр сургууль дээр "Өөрөө дуу зохиодог хүүхдүүд Японд болох уралдаанд оролцоорой" гэсэн зарлал гарчихаж. Тэгсэн манай багш "Оюунтүлхүүр ээ, чи энэ наадамд оролцоорой. Чамайг чадна гэдгийг мэдэж байна" гэлээ. Би харин өөртөө итгэлгүй. Багш нарынхаа ятгалгаар тэмцээнд оролцох болсон. Гурван дуу зохиосныгоо "Хонх" хамтлагийн студид бичүүлээд кассетаа илгээж байлаа. Азаар дуу маань 70 гаруй орны хүүхдүүдээс шалгарчихсан. Аз дайрсан сайхан үйл явдал шүү.

 

-Та хөгжмийн зохиолч хүн. "Зүүдний учрал" цомгийнхоо хэд хэдэн дууны аяыг ч бас өөрөө зохиосон биз дээ?

-Дуулах дууныхаа аяыг голдуу өөрөө зохиочихдог юм. "Зүүдний учрал" цомогт харин өөр олон уран бүтээлчтэй хамтарсан. Г.Пүрэвдорж, Б.Наранзун, Н.Халиун зэрэг хөгжмийн зохиолчдоос дуу авсан. Тэдэндээ их баярлаж явдаг.

 

-Олон дууны шүлгийг хань тань зохиосон гэх юм билээ?

-Миний уран бүтээлүүд ерөнхийдөө хайрыг дуулдаг. Хайргүй уран бүтээл байхгүй юм шиг ээ. Хамгийн сүүлд манай Г.Пүрэвдорж багш надад зориулаад нэг ая хийж өглөө. Шүлэг байдаггүй ээ. Тэгсэн гэр бүлийн хүн маань надад зориулж шүлэг зохиож өглөө. Шүлэг маань өнеөх аятай ёстой нэг сайхан таарч байна даа. Бүр яв цав таарлаа. Ингээд л "Зүрхэнд туссан гэгээ" дуу маань төрсөн.

 

-Таны хань угийн шүлэг бичдэг хүн үү?

-Ёстой үгүй. Их сонин шүү. Манай хүн надтай суухаасаа өмнө юун шүлэг, юун яруу найраг гэдэг байлаа. Бичих нь бүү хэл сонирхдог ч үгүй байсан байгаа юм. Гэхдээ нууцхан авьяас байсан болов уу. Надтай гэрлээд хөглөгджээ гэж боддог юм. "Зүүдний учрал" цомогт багтсан дөрвөн ч дууны шүлгийг миний хань Б.Балдорж бичсэн.

 

-Ямар мэргэжилтэй юм бэ?

-Уг нь санхүү, эдийн засгийн мэргэжилтэй. Худалдаа хөгжлийн банкинд долоон жил ажилласан. Дараа нь Сүхбаатар дүүргийн засаг даргын орлогчоор таван жил ажиллалаа. Одоо хувийн бизнесээ хийж байгаа.

 

-Хэдэн хүүхэдтэй болсон бэ?

-Гурван хүүхэдтэй болсон. Гурван хүүхдийнхээ аав ээж болоод сайхан амьдарч байна.

 

-Хаана амьдарч байгаа вэ?

-Монголдоо амьдарч байна. Хааяа Япон руу явна. Улиралдаа нэг удаа ч юмуу. Олон жил Японд байсан учраас ажил гараад яалт ч үгүй явах болчихдог юм.

 

-Таныг Японд 500 гаруй удаа хандивын тоглолт хийсэн гэдэг. Цуглуулсан хандиваараа ямар, ямар хүмүүнлэгийн ажил зохион байгуулсан бэ?

-Олон жилийн өмнөөс хандивын тоглолт хийж эхэлсэн. Япон улсад байгалийн гамшиг байнга л болно. Гамшгийн судал дээр байрласан орон шиг байгаа юм. Хүн ард нь эрч хүчтэй, зоригтой тулдаа өдийг хүртэл тэсээд байгаа байх. Тэр их зовлонг үүрч гарсан ард түмний нэгээхэн хэсэгт ч гэсэн туслах юмсан гэх сэтгэл надад бий. Дэлхийг цочоосон олон аймшигт хар салхи, байгалийн үзэгдлийн дараа тус дэм болох юм сан гэх үүднээс хүн бүр еерийн чаддаг бүхнээ дайчилдаг. Би тэдний л нэг. Тоолоход 500 гаруй удаа хүмүүнлэгийн тоглолт хийсэн байна лээ.

 

-Та эх орондоо "Оюунтүлхүүр сан" байгуулсан. Сангийн үйл ажиллагаа хэр идэвхтэй явагдаж байна вэ?

-Анх халамжийн төвөөр үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Харин 2005 оноос Японд ажиллаж, амьдрах хүсэлтэй хүмүүсийг ажилд зуучилж эхэлсэн. Манай сангийн нэг онцлог бий л дээ. Хамгийн өндөр цалинтай ажилд оруулж өгдөг. Бас 23-30 насны эмэгтэйчүүдийг авдаг. Тэднийгээ гурван жилийн хугацаатай явуулдаг юм. Энэ хугацаанд 400 гаруй хүнийг ажилтай болгожээ. Дан эмэгтэйчүүд явуулдаг учраас аль болох хөнгөн ажил олж өгөхийг бодно. Манайхаас явсан хүмүүс голдуу "Тоёота" корпорацийн эд анги, сэлбэг шалгах ажилд ордог юм. Ямар ч байсан манай сангийн журмаар яваад ирсэн эмэгтэйчүүд эерэг сэтгэгдэлтэй байгааг харахаад бахархаж л явна.

 

-Та уран бүтээлч хүний хувьд багагүй хугацаанд нам гүм байлаа шүү дээ?

-Уг нь уран бүтээлдээ эргэн оръё гэж бодоод дуугаа бичүүлж байсан юм. Гэтэл хөд хүнд болоод нэг хэсэг завсарласан. Одоо харин уран бүтээлийнхээ нээлтийг хийх гэж байна. Юуны түрүүнд ирэх сарын 1, 2-нд "Хайрын эгшиг" тоглолтоо хийхээр товлочихлоо. Би одоогоос арван жилийн өмнө л тоглолт хийж байсан юм байна. Японд л тоглоод байхаас биш эх орондоо, үзэгч олонтойгоо уулзалгүй уджээ.

 

-Шинэ уран бүтээлээ танилцуулахгүй юу?

-Гурван дууныхаа клипээр үзэгч олонтойгоо уулзах гэж байна. "Зүрхэнд туссан гэгээ", "Нүдээ аниад бодоорой", "Энэрэл хайр". Хэсэг хугацаанд чимээгүй байсан ч нэг зэрэг гурван дууны клиптэй эргэн ирлээ. Одоо нэг хэсэгтээ л уран бүтээлээсээ хөндийрөхгүй ээ. Тоглолтын тухайд бие даасан, амьд тоглолт. Соёлын төв өргөөнд болно. Тасалбарынхаа захиалгыг утсаар авч байгаа. Анзаараад байхад ихэнх тоглолтын тасалбарыг энд тэндхийн түгээх цэгт борлуулахаа больсон шиг байна. Тиймээс 88037711 дугаарын утсаар захиалга аваад хүргэж өгөхөөр болсон.

 

-Тасалбар ямар үнэтэй байх вэ?

-38 мянган төгрөг. Эдийн засгийн хямралтай үед өндөр үнээр тоглохгүй юм шүү гэж бодсон. Зохион байгуулж байгаа хүмүүстээ тасалбарынхаа үнийг доош нь буулгаарай гэж нэлээн захиж байж дээрх үнэ дээр тогтлоо. Мөн тоглолтдоо зориулаад баримтат уран сайхны нэвтрүүлэг хийж байна.

 

-Ямар нэвтрүүлэг юм бэ. Зөвхөн таны тухай нэвтрүүлэг байх уу?

-"Бидний мэдэх Оюунтүлхүүр" нэртэй. Нэвтрүүлгийн санааг тоглолт дээр хамтарч ажиллаж байгаа хүмүүс маань гаргасан. Би ч нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй байна. Олны танил хүмүүс миний тухай юу бодож явдгийг гаргах юм шиг байна лээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, их аварга Асашёорюү Д.Дагвадорж, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Элчин сайд Такэнори Шимизү, "Номин талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа нарын алдартнууд оролцож байх шиг байна. Хэдийгээр миний тухай нэвтрүүлэг ч гэлээ надад мэдэж байгаа зүйл бага. Нэг ёсондоо гэнэтийн бэлэг болж байгаа. Харин нэвтрүүлгийн хөтлөгчөөр жүжигчин Ч.Ундрал ажилласан.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(150.129.141.5) 2015 оны 06 сарын 26

Bisexuality huuhen Ertei ch emtei ch... Har Bolormaa giin yanag amrag ni bsan, 98, 99ond martsanuu, ouyn aa. Amarmendiin amidraliig suiruulelgui ehner huuhded ni uldeesen chin buyan bolog. Wiskichin alcoholic kkk uuchlaarai het shudraga helchihlи

0  |  0
(182.160.36.76) 2014 оны 10 сарын 29

Odoo hun uzku e eniig. Shatna

0  |  0
(182.160.36.76) 2014 оны 10 сарын 29

38myngiin biletee hymd gej bgamu. Eniig sonsohod unetei bn.heseg zavsarlaad ergej irehed shoybiznest bair bsihgui bildog gesn.humuus oor zaluu duuchdiig sonirhono odoo

0  |  0
(103.229.121.171) 2014 оны 10 сарын 29

Uzeh hun bgaa umuu tanidag humuuseeree l duurgeh bh da

0  |  0
(150.129.143.62) 2014 оны 10 сарын 25

uh l huuramch durtei huuheh dee

0  |  0
(150.129.142.62) 2014 оны 10 сарын 24

yron oron d xandibiin toglolt hiigee ydarsan mongol orond yasan untei um be alban gazar bolgond tsahaad yadag huuhen be baygig handdaggyi tsulam be

0  |  0
(112.72.13.92) 2014 оны 10 сарын 18

amjilt

0  |  0
(112.72.13.92) 2014 оны 10 сарын 18

sain saikhaniih husie, duu mini

0  |  0
п хишигт(182.160.39.195) 2014 оны 10 сарын 17

залуу хүн гэхэд ухаалаг төлөв даруу зантай юм энэ зангаа битгий хаяаарай таньд уран бүтээлийн их амжилт хүсье .

0  |  0
(150.129.143.50) 2014 оны 10 сарын 14

khamgiin suuld gargasan duug tani sonsloo. Sain l beldej duulmaar sanagdlaa. Olon jil duulaagui bolood ch tegsen yumuu. Neg l sain sanagdsangui.

0  |  0
(103.11.194.46) 2019 оны 02 сарын 16

Goyo duuchin shuu. Ali bagaasaa l tanii duunuudiig sonsdog bsn. Saihan duunuudtai..

0  |  0
Top