Тэнгэрийн хот Мачу Пикчутай танилц...

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 19

Перу улсын Урубамба хөндийн орчимд далайн түвшинээс 2438 метрийн өндөрт орших уулын оройд байдаг Мачу Пикчу бол аялалд дурлагсдын анхаарлыг ихээр татдаг газруудын нэг юм. Мачу Пикчу буюу англиар Machu Picchu хэмээн бичигдэх эл үг нь Кечуа хэлээр “Хуучин оргил” хэмээн утгачилагддаг аж. Энэ газар нь Инкийн орхигдсон хот хэмээн дэлхий дахинаа ихэд алдаршсан бөгөөд хотын туурь нь ертөнцийн долоон гайхамшгийн нэгд тооцогддог юм.  

Колумбын өмнөх Инкуудийн эртний хот гэгдэх Мачу Пикчу  нь ойролцоогоор 1440 онд инкуудийн удирдагч Пакачутекийн зарлигаар байгуулагдсан гэх бөгөөд мянга мянган хүмүүсийн амьд үлдэх, орогнох найдвартай газар болж байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Учир нь Испанийн байлдан дагуулагчид тухайн үед өнөөгийн Перугийн газар нутгийг бүхэлд нь эзлэн түрэмгийлээд байсан бөгөөд  зөвхөн Мачу Пикчуг л бүрэн бүтэн үлдээсэн гэнэ. Гол нь Мачу Пикчу нь хэн хүн хүрч очиж дийлэхээргүй өндөр уул, бартаат замаар хүрээлэгдсэн газар төвхнөсөнтэй холбоотой аж. Гэхдээ хамгийн хачирхалтай нь 1532 онд хотын оршин суугчид үл мэдэгдэх шалтгаанаар ор сураггүй алга болсон хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэжээ.

Америкийн Йелийн их сургуулийн түүхч эрдэмтэн Хайрам Бингем 1911 онд тус хотыг олж илрүүлэх хүртэл энэ хотын талаар домог яриа л гардаг байжээ. Тэгвэл  1983 онд ЮНЕСКО -гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэнээс хойш Мачу Пикчуг үзэхээр өдгөө жилд хагас сая орчим жуулчин ирдэг болсон байна. Өдөрт 2000 орчим жуулчин очдог гээд тооцоод үзэхээр арга ч үгүй биз ээ.

“Тэнгэрийн хот”, “Үүлэн дундах хот” гэгдэн хэдэн янзаар нэрлэгддэг Мачу Пикчу нь Инкүүдийн сонгодог архитектур болох Хуурай-хадан хана аргаар баригдсан ба хотын гол байгууламж нь Нарны сүм Интихуатана ажээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top