Онон голоос эх авдаг Амар мөрөн эргээсээ халилаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 24

Оросын Алс Дорнодын Хабаровск орчимд Амар мөрний усны түвшин 702 см-т хүрээд байгаа нь хэвийн хэмжээнээс 1 метрээр илүү өндөр байгаа юм байна. Өнгөрсөн өдрүүдэд голын усны түвшин 14 см-ээр дээшилсэн тухай Оросын Онцгой байдлын яам мэдээлж байсан билээ. Цаг уур судлаачдын дүгнэж буйгаар ойрын өдрүүдэд Амар мөрний  усны түвшин 780 см-т хүрч мэдэх аж. Хэрэв тэгвэл Хабаровск хотын захиргаа оршин суугчдыг арга буюу олноор нь нүүлгэж эхлэхээр өөр аргагүй байдалд орж таарах юм байна.

Дашрамд өгүүлэхэд Амар мөрөн манай Онон голоос эх авдаг юм. Монгол нутгийн хоймор, голомт болсон Хэнтий Хан уулын араас Давааны гол, Өвөр Өнгөлжийн гол хэмээх хоёр багахаан гол Бурхан Халдуны ард Ботохон Бооржи хэмээх майхан хэлбэрт бэсрэгхэн уулын хоёр талаар урсан ирж нийлээд Онон хэмээх нэрийг аван үзэсгэлэн төгс ой тайгат өндөр уулсыг ороон, цэцэг жимст өргөн нуга талыг эмжин, том жижиг олон гол, горхийг өөртөө нийлүүлэн хүч нэмсээр их мөрөн болж, алс зүүн умардад Ингэдэй мөрөнтэй эгч дүүс болон хослон урссаар Монгол нутгаасаа цуглуулсан тунгалаг усаа Шилк мөрөнд юүлдэг аж. Шилк мөрөн цаашаа олон хот, тосгодыг дайран, Транссибирийн төмөр замыг дагуулан алсыг зорьсоор монгол түмэнтэй эрт цагийн домог түүхийн холбоотой Эргүнэ мөрөнтэй нийлэн Амар мөрөн хэмээн дуудагдаж улам их сүр хүч, үзэсгэлэн төгөлдрийг гайхуулдаг Амар мөрөн хоёр их гүрэн Орос, Хятадын торгон хилийн дээс болж өргөн их тайга дундуур олон хот, тосгодыг усаараа тэжээн урссаар манай дэлхийн амьдралын хамгийн том усны эх булаг болсон Номхон дөлгөөн далайд арвин их усаа юүлдэг гэдгийг WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ононгийн сав газрыг хариуцсан ажилтан  Б.Ганхуяг бичиж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top