Улсын хөрөнгөөр тансаг хүлээн авалт, дайллага хийвэл хатуу шийтгэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Хятадын эрх баригчид улсын хөрөнгө үрэн таран болгох явдал болон авилгатай тэмцэх шинэ арга хэмжээнийхээ талаар мэдэгдээд байна. Тансаг хүлээн авалт, дайллага хийхийг улсын албан хаагчдад хориглосон ХКН-ын Төв хорооны суртал нэвтрүүлгийн хэлтсийн захирамжийг нийтлэжээ.

Түшмэдүүд улсын хөрөнгөөр хийх дайллага, баяр ёслол нь олон нийтийн дунд таагүй сэтгэгдэл төрүүлж, ХКН, Засгийн газрын нэр хүндэд зохисгүй нөлөөлж байгааг тодотгож байна.Түүнчлэн элдэв албан арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг багасгахыг үүрэг болгожээ. Тухайлбал, нэрд гарсан үнэтэй жүжигчдийг оролцуулах янз бүрийн шоуг зохион байгуулахыг хоригложээ.

ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зинпин тансаг дайллага, хүлээн авалттай хатуу тэмцэх кампанит ажиллагааг өөрийн жишээгээр эхлүүлснийг Оросын шинжээчид онцолж байгаа юм. Си Зинпин ХУ111 их хурлаас сонгогдсныхоо дараагаар өмнөд Гуандун мужид аялсан. Харин түүний аялал маш даруухан болж өнгөрсөн. Гэтэл өмнө нь ийм нөхцөлд орон нутгийн түшмэд тансаг дайллага хийж, улаан хивс дэлгэж, дээд удирдлагын өмнө пионеруудын тоглолтыг зохион байгуулж ирсэн уламжлал тогтоод байжээ. Харин Си Зинпин эдгээр бүх арга хэмжээг хориглосон юм.

Түүнчлэн Үндэсний аудитын алба албан дайллагын зарлагад хатуу хяналт тавих үүрэгтэй болжээ. Хэрэв хэт их хэмжээний хөрөнгө зарцуулсан нь илэрвэл зохион байгуулагчдыг нь хатуу шийтгэх юм байна. Гэхдээ зарлагын дээд хэмжээг хэтрүүлсэн,  улсын хөрөнгө үрэн таран болгосон түшмэлийг яаж шийтгэхийг захирамжид нарийн дурдаагүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top