В.Путин М.Ходорковскийг өршөөхөд бэлэн гэж үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Нэгэн цагт дэлхийн хамгийн баян 20 хүний нэгд тооцогдож, Оросын газрын тосны зах зээлийн хамгийн том тоглогч, “ЮКОС”-ын  тэргүүн явсан Михайл Ходорковский болон түүний итгэлт хамтрагч Платон Лебедев нар ирэх 2014 оны аравдугаар сард эрх чөлөөт иргэд болох учиртай. Гэхдээ Михайл Ходорковскийг буруутгах дараагийн шинэ үндэслэлүүд нь хүн амины хэрэгтэй холбоотой байж болохыг барууны ажиглагчид үгүйсгэхгүй өнөөдрийг хүрч байгаа. Тиймээс ч Михайл Ходорковский,  Платон Лебедев нар одоо эдэлж байгаа ялаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн давж заалдах өргөдөл гаргасныг Оросын дээд шүүх хэлэлцэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд дурдаж эхэллээ.

Хэдийгээр М.Ходорковский В.Путин байгаа цагт суллагдана гэдэгтээ итгэлгүй байдаг ч, В.Путин түүнийг 14 онд суллана гэх агуулгатай мэдээллийг хийснийг тодотгох хэрэгтэй. Гэхдээ В.Путин телевизийн ярилцлагад орохдоо ОХУ-ын шүүхийн тогтоолын дагуу хоригдож байгаа Михаил Ходорковскийн шууд зааврын дагуу үйлдэгдсэн байх магадлалтай хүн амины таван хэрэг бий хэмээн ярьж, түүнийг эдийн засгийн бас эрүүгийн хэрэгт буруутгаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ нь Кремлийн зүгээс шүүхийн шийдвэрт дахин шинээр нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүйг харуулсан явдал болсныг ч бас тодотгоё.

Михаил Ходорковский  ОХУ-ын шүүхээс хоёронтоо ял сонсохдоо орлогоо нуун дарагдуулсан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэхчлэн олон сая доллараар хэмжигдэх мөнгөний хэрэгт буруутгагдсанаас биш В.Путины буруутгаад байгаачлан  хүн амины хэргийн захиалагч гэдгээр ял сонсоогүй.  Тэрчлэн Ходорковский  өөрт нь үйлдсэн гэм буруу байхгүй, В.Путин тэргүүтний авлигын торонд орооцолдсон тогтолцооны эсрэг тэмцсэнийхээ шанд, бас дэлхийд дөрөвдүгээрт жагсч байсан нефтийн компани ЮКОС-т нь шунагсадын золио болон ялтан болж хувирсан  гэсэн байр суурь дээрээ өнгөрсөн есөн жилийн хугацаанд няцалгүй зогсож, улстөрийн зорилготойгоор худал баримт бүрдүүлэн өөрийг нь буруутгаж, ялынх нь хэмжээг нэмэгдүүлж байгааг, цаашид ч үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлэх байх хэмээн бодож буйгаа илэрхийлж ирсэн юм.

Ямартай ч, Кремлийн шазууртай эзний зэвүүг хүргэснийхээ горыг үзэж өөрийн хамтрагч “МФО  Менатеп”-ийн  тэргүүн  Платон  Лебедев, “ЮКОС”-ын  аюулгүй  байдлын албаны  дарга  асан  Алексей  Пичугин  нарын  32 хүнд  холбогдох хэргийн гол буруутнаар нэрлэгдэн, ял сонсож өргөст торны цаана 9 жилийг өнгөрөөж байгаа М.Ходорковскийд эрх чөлөө тэгж амар ирэх үү гэдэг асуулт одоо ч хариулт нэхсэн хэвээрээ л байна. Ер нь бол М.Ходорковскийн тухайд В.Путинд таалагдахгүй зүйл цөөнгүй байсан байх магадлалтай. Ил харагдаж байгаачлан бол М.Ходорковский В.Путины  бодлогыг эсэргүүцэгч, сөрөг хүчний Б.Немцовыг санхүүжүүлсэн нь түүнийг бүх зүйлээ, бүр эрх чөлөөт амьдралаа алдах зам руу хөтлөсөн бас нэг шалтгаан. Нэгэн цагт В.Путинтай найз нөхөр шиг энгийн  найрсаг харилцаатай байж,  Ерөнхийлөгчийн захиргааг сая, сая доллараар угжиж явсан гэгдэх  М.Ходорковский чухам яагаад өнөөдрийн зовлонг эдлэх болов.  Хэрэв В.Путин түүнтэй хувьчлан уулзаад сөрөг хүчнийг дэмжихгүй байхыг хичээнгүйлэн хүсээд байхад нь, улстөрөөс хол байх хүсэлгүй  М.Ходорковский түүний үгнээс зөрөөгүй бол өнөөдөр нөхцөл байдал хэрхэх байсан бол. Гэтэл бодит байдал дээр М.Ходорковский Ерөнхийлөгчийнхөө Оросын хамгийн баян бизнесмэнүүдтэй хийдэг ээлжилт уулзалт дээр Кремльд бугшсан авлигын асуудлыг ил тод гаргаж тавьсан. Өөрийнх нь болон бусдынх нь оролцоотойгоор тогтолцоо болон даамжирч, нийгмийг идэж  байгаа авлигыг нухчин дарах цаг ирчихээд байгаа тухай тод ярьчихсан. Тиймээс ч тэр ирэх жил наранд гарна гэдэгтээ итгэлгүй байгаа биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top