Наадмын бой буюу малын зах дахь үнийн хөөрөгдөл

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 22

Зуны эхэн сар гарав уу, үгүй юу хоттой хэдээсээ таслан их хотын зүг туух нь тууж, ачих нь ачиж ирдэг үзэгдэл бий болоод нэлээд хэдэн жилийг ардаа орхижээ. Ялангуяа наадмын өмнөхөн 22-ын товчооны орчимд хонь, ямааны зах хэдэн сараар үргэлжлэн гардаг байсан гэхэд хилсдэхгүй.

Хорхог, боодог болох өдрөө хүлээн хэдэн өдөр, магадгүй сараар ч хашигдаж өл хоолгүй гэдэс гүзээгээ татсан амьтдын “тамын зах”-ыг 22-ын товчооноос нүүлгэн Эмээлт захын орчимд аваачсан боловч энэ жил наашилж Эмээлт зах руу давдаг давааны наахнатай, Сонгинохайрхан уулын зүүн хойт талд байршжээ. Гэрийн ханаар хашаа хийсэн, аль эсвэл хэдэн шургааг зөрүүлэн хашсан хонь ямааны үнэ “тэнгэрт” гарчээ.

Төлгөн хонь л гэхэд тарган туранхай, том жижгээсээ хамаараад 120-150 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин гүйцээсэн бүдүүн эр хонь 180-250 мянган төгрөгийн үнэ ханштай. Өмнөх жилүүдийг бодвол энэ захын “төрөл зүйл” нэмэгдсэн нь сарлаг, адуу байлаа. Сарлагийн давжаа биетэй үнээ л гэхэд 700 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ авах хүн  байвал жаахан ярьж байгаад өгч болох юм гэсэн саналыг тавих юм. Мөн шүдлэн адууны тухайд биеийн том жижгээс хамаараад 650-мянгаас дээш байна. Зарж байгаа хоин дунд дэнхийсэн хэдэн хуц байна. Сүүлийн үед бөө олширч байгаа учраас хуцан хонь их эрэлттэй байгаа. Үнэ өртөгийн тухайд 260 мянгаас буудаггүй гэлээ.

Төв, Архангай, Өвөрхангай, Булганаас авчирсан мал гэх. Холоос ирж байгаа болохоор үнэ өндөртэй байлагүй дээ хэмээн ярих малчид зарсан малаа гаргаж гэдэс гүзээг нь арилгадаг хүмүүстэй болжээ. Хэрэв тэндээс хонь ямаа худалдаж авлаа гэхэд гаргаж, гэдэс дотрыг нь цэвэрлэж өгөх хүн хажууд нь бэлэн байна. Хөлс мөнгөний тухайд арьсыг нь аваад дээрээс нь 5 мянган төгрөгөөр хийдэг. Цусыг нь хүртэл сонгиноор амталж цутгаад чанаж идэхэд  бэлэн болгоод өгнө гэнэ.

Ер нь малын захыг тойроод жижиг бизнес аль хэдий “цэцэглэжээ”.  Шинэ шөл уухаар зорьж очсон нөхдүүд малаа аваад л ирнэ гэхээс биш гаргуулж аваад бүр гэдэс дотрыг тэнд нь цэвэрлүүлээд авахаа мэдэхгүй давхиад очих. Тэднийг малаа сонгож ч амжаагүй байхад нь “муулж” гэдэс дотрыг нь цэвэрлэж өгөх нь дагаад л явах юм. Гэхдээ гэдэс дотор болон махыг нь хийхэд 5 ширхэг тор ордог хэмээн хэзэ язааны тооцоо хийсэн нөхдүүд 100 төгрөгийн торыг 200 төгрөгөөр зарж байна. Энэ мэтээр жижиг сажиг наймаа хийн гэдэс дотор цэвэрлэж, мал “муулдаг” хүмүүс өдөртөө 40-60 мянган төгрөгийн ашигтай ажилладаг хэмээлээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АЛХАААМ(182.160.18.37) 2013 оны 06 сарын 22

БОЛЖ Л БАЙНА.ХАРЖ ЗОГСОЖ БАЙГААД АВНА ГЭДЭГ.ЭНЭ АРИУН ЦЭВЭР ГЭЭД ХУЦААД БУЙ НӨХДҮҮД ХҮЧИТ ШОНХРООС ЮУ ИДДЭГЭЭ МЭДНЭЭ

0  |  0
Yargachin(27.123.214.110) 2013 оны 06 сарын 22

Yargachin lalruud

0  |  0
Top