Архиар “угжсан” нийгмийг өөрчлөх гэсэн “Татар”-ын аян үндэсний хэмжээний хөдөлгөөн болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Хамтлагийнхаа 10 жилийн ойн баярт зориулан “Нөлөөллөөс дээгүүрт” хэмээх шинэ цомгоо гаргасан “Татар”-чууд тайлан тоглолт төдийгөөр сонсогч фэнүүдээ хуурахыг хүссэнгүй. Багагүй хугацаанд тус тусынхаа уран бүтээлийг хийж явсан залуу эргэж нэгдэхдээ   нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо өргөхөөр шийдсэн гэдэг. Тиймдээ ч өнгөрсөн сараас эхлэн “Нөлөөллөөс дээгүүрт” аяныг өрнүүлсэн бөгөөд нийслэлийн бүх дүүрэгт аялан тоглолт хийхээр төлөвлөснөө хэрэгжүүлж яваа. Архины нөлөөллөөс дээгүүрт эрүүл амьдрах, бусдын муу нөлөөллөөс дээгүүрт өөрөө өөртөө эзэн байх, залхуурлын нөлөөллөөс дээгүүрт нийгмийн идэвхитэй байхыг уриалсан уг аянд 12-28 насны охид залуус нэгдэн тоолуурын заалтыг өдөр ирэх тусам хурдтайгаар нэмж буй тул энэ нь цаашид үндэсний хэмжээний хөдөлгөөн болтлоо өргөжих бололтой.

Аянд нэгдэгсдийн тоо өдөрт л  2000-3000-аар нэмэгдэж байгаа нь нийгэмд хэн нэгний уриалга, тэднийг дагуулах хүч хэрэгтэй байсныг илтгэж байгаа гэх. “Татар” хамтлагийнхан энэ бүхнийг харж өөрсдийн үеийн залуусын амьдралыг архиар “угжсан” хар бараан бус гэрэл гэгээтэй зорилго тэмүүлэлтэй болгох хүсэл эрмэлзлэл тээн аяныг эхлүүлсэн нь цагаа олсон хэрэг боллоо гэдгийг иргэд хэлж байгаа аж. Аян эхэлсэн өдрөөс хойш тэдний тоглолт бүр дээр олон зуун залуус ирж, “Татар” хамтлагийн фен клубт бүртгүүлэн нэгэн зорилго дор нэгдэж байгаа гэнэ.

Түүнчлэн Монгол орны өнцөг булан бүрээс тус хамтлагийн залуустай нэгдэх санал ирсээр байгаа бөгөөд анх хамтлагийн гурван залуугаас эхлэлтэй энэхүү аян тун богино хугацаанд үндэсний хэмжээний томоохон хөдөлгөөн хэлбэрт шилжиж эхэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.80.45) 2013 оны 06 сарын 24

ih sain uils hiij baigaa zaluus baina daa tsaashdiin ajild ni amjilt husie

0  |  0
Top