Оюутнууд 500 мянган төгрөгөөс дээш цалин авах боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Ө.Цогзолмаа: “Цагийн ажил” төсөлд хамрагдсан оюутнууд 500 мянган төгрөгөөс дээш цалин авах боломжтой

Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран “Ажил­тай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд “Ца­гийн ажил” төслийг хэрэгжүүлж эх­лээд байгаа аж. Энэ талаар Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ө.Цогзолмаатай ярилцсан юм.

-“Цагийн ажил” төслийн гол зорилгын талаар оюутан залууст танилцуулахгүй юу?

-Цагийн ажил хийж өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан, залуусыг аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэхээр “Цагийн ажил” төсөлд оролцохыг урьж байна. Энэхүү төслийн гол зорилго нь оюутан, залуусыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх. Ингэхдээ цалинтайгаар хийлгэх нь энэхүү төслийн гол зорилго юм. Нөгөөтэйгүүр, гадаадад сурч, ажиллаж, амьдарч бай­гаа залуу­сыг эх орондоо ажил хөдөл­мөр эрхлэх боломжоор бүрдүүлэх гэж бол­но.  “Цагийн ажил” төс­лөөс гад­на “Ажлын гараа”, “Сумын залуу­чууд” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. “Ажлын гараа” төсөл нь оюутан, залуусыг Монгол Улсын шинэ бүтээн бай­гуулалтад татан оролцуулж, зуны амралтаар нь түр ажлын байраар хангах. Улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, оюутан, залууст хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх юм. Харин “Сумын залуу­чууд” төсөл нь оюутан, залуу­чуудад зуны амралтын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох, нийгмийнхээ хөгжил, боловсролын салбарт өөрийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүр­дүүлж хөдөө суманд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх гэсэн гурван төслийг хэрэг­жүүлэхээр төлөвлөөд байна.

-“Цагийн ажил” төсөлд хам­рагдахын тулд ямар шаардла­гыг хангасан байх ёстой юм бэ?

-Одоогоор энэхүү төсөлд янз бүрийн шаардлага тавьсан зүйл байхгүй байна. Цагийн ажил хийх оюутан, залуус өөрсдийн сурч байгаа мэргэжлийн дагуу ажиллахад л болно. Ингэснээр ажлын дадлага хуримтлуулж цаашид тэр ажилдаа үндсэн ажилтан нь болох бүрэн боломж нээгдэж байгаа юм. Сүүлийн үед эдийн засаг, нийгэм хөгжихийн хэрээр хөдөлмөрийн насны хүн ам өсөж байна. Тиймээс хууль эрх зүйн орчиндоо шинэчлэлт хийх шаардлагатай болж байгаа юм. Үүүний нэг шинэчлэл нь цагийн ажил юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлтийн шинэлэг шинэ хэв шинжийг оруулж ирэх шаардлагатай болж байна

-Энэхүү төсөлд хамрагдсан оюутанд нэг сард хэчнээн төг­рөгийн цалин өгөхөөр тоо­цоолсон бэ?

- Нэг сард 500 мянган төгрөгөөс доошгүй цалингаар цалинжуул­на гэсэн гэрээ хэлэлцээрийг ажил олгогчтой байгуулна. Оюутнуу­дыг 500 мянган төгрөгөөс дээш  цалин­тай ажиллуулаад ирэхээр залуус ажиллах сонирхолтой, амьдрал дээр гараад ажиллаж сурсан, мэд­сэнээ үнэлүүлж, дүгнүүлж, өөрөө өөрий­гөө үнэлж цэгнэж сурах боломжтой болох юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дагуу бол нэг цагийн ажлыг 834 төгрөгөөр үнэлдэг. Харин дунджаар нь аваад үзвэл 3600 орчим төгрөг байдаг. Оюутнууд ч энэ л дагуу ажиллах байх. Үүний шалтгаан нь салбар бүрт ажлын цагийн хөлсийг өөр өөрөөр тооцолдогт байгаа. Ту­хайлбал хөдөө аж ахуйн салбарт нэг цагийн хөлсийг 1600 төгрөгөөр тооцож байхад нэг бизнесийн салбарт хамгийн ихээр буюу 6500 төгрөгөөр тооцож байна. Харин уул уурхай салбарт 4300 төгрөг байна. Тиймээс суманд ажиллах оюутнуудын нэг сарын цалин 200 мянган төгрөг ч байх магадлалтай гэсэн үг. 

-“Цагийн ажил” төслийн дагуу оуютнуудыг хэчнээн төр­лийн ажлын байраар хангаж байгаа вэ?

-“Цагийн ажил” төслийн хүрээнд тус бүр 15 оюутны бүрэл­дэхүүнтэй 28 баг хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч хамгийн эрэлттэй байгаа төмөр зам, авто зам, хөдөө аж ахуй гэсэн салбарт ажиллах юм. Мөн 21 аймгийн нэг сумыг сонгож өвөлжөө барих болон багш, эмч, бизнесийн чиглэлээр сурч байгаа дөрвөн оюутнаас бүрдсэн баг сум тус бүрт ажиллах зэргээр оюутан залуусыг баг болгон хувааж, цагийн ажил хийлгэх юм. Харин эмэгтэй оюутнуудын хувьд үйлчилгээний салбарын ажлын байрны захиалга түлхүү байгаа. Мөн цагийн ажлыг цаашид хэрэгжүүлж эхэл­бэл нийгмийн даатгал төлүүлэх шаардлагыг ажил олгогчдод тавих юм.

-Тус төсөлд хичнээн төгрөгийг төсвөлсөн байгаа вэ?

-Төсөлд зориулж 600 гаруй сая төгрөг зарцуулна гэж тооцоолж байгаа. Одоогоор санхүүжилтыг эцэслэж батлаагүй байна. Түүнчлэн оюутнуудын цагийн ажилд авах байгууллагуудын саналыг залуу­чуудын хөдөлмөрийн төв биржэд ирсэн байгаа гэсэн мэдээлэл байгаа. “Цагийн ажил” төсөлд бүртгүүлэх оюутан залуус Монголын залуучуудын холбооны төв байрны 201 тоотод очиж бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 321814 дугаарын утасаар холбогдож авч болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top