Д.Батхуяг нарт 6.6 жил чанга дэглэмтэй хорих ангид ял оногдуулсныг хэвээр үлдээв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял сонсоод байгаа АМГ-ын дарга Д.Батхуяг нарын гомдлыг хяналтын шатны шүүх хэлэлцэж дуусчээ.  Д.Батхуяг, Л.Даваацогт нарыг 2009-2010 онд албан тушаалаа урвуулан ашиглаж Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, нийт 106 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүй олгосныг тогтоосон юм. Тэдний буруутай үйлдэлд хоёр шатны шүүхээс 3.6-4 жилийн ял оноосон билээ.Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Д.Батхуяг, Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв. Харин давж заалдах шатны шүүхээс ялтнуудад ногдуулсан ялыг хөнгөрүүлсэн нь буруу гэж үзсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж дүгнэж, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болголоо. Ингэснээр анхан шатны шүүхээс Д.Батхуягт чанга дэглэмтэй хорих ангид 6 жил 6 сар хорих, Л.Даваацогтод чанга дэглэмтэй хорих ангид 6 жил хорих, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт жирийн дэглэмтэй хорих ангид 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулсныг хэвээр үлдээв.

Мөн хүчингүй болгосон 106 тусгай зөвшөөрлийн тухайд лиценз эзэмшигч компаниуд нь сонгон шалгаруултад оролцож лицензээ авах эрх нээлттэй үлдэж байгааг Дээд шүүхийн тогтоолд тусгахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top