Хэрэг хуучирдаггүй: Хорих 441-р ангийн ялтан Ж.Мэндбаярын бичсэн захидал

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Хэрэг хуучирдаггүй гэдэг үг бий. ХЗХ-дын гэх хэрэг ид дуулиан тарьж хамгийн томоохон "төлөөлөл" нь болсон "Глоб"-ын Ж.Мэндбаяр баригдаж, хоригдсон нь тухайн үедээ дуулиан болж байв. Гэвч тэр шоронгоос захидал бичсэн нь нийгмийг дахин доргиосон юм.

"Глоб"-ын Ж.Мэндбаяр: Энэ танхимаас чинь коммунизм ханхалж байна (2007.01.10-нд шүүх хуралдаан дээр хэлсэн үгнээс)

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим зүйлийг өөрчилсөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг УДШ тогтоолоороо тэр чигт нь баталсан учир энд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 4-р сарын 11-нийөдрийн170тоот магадлалаас дорхи “шинэ нөхцөл байдлууд” илэрч байна. 

Нэг. ХЗХ-ны гэх хэргийн талаар

Маргаан үүссэн нэг ч гэрээ, надад гомдсон нэг ч өргөдөл шүүхэд ч, цагдаад ч очоогүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж намайг шүүхийн шийдвэргүйгээр баривчлан хорьж хоршоог төдийгүй түүний хамгийн том зээлдэгч болох “Глоб” группийн бүх үйл ажиллагааг хомроголон зогсоогоод, зохиосон зүйл анги нь нотлогдохгүй болмогц миний бизнесийн зарим үйл ажиллагааг “залилан” болгон зүйлчилж хүчээр бий болгосон хамгийн олон хохирогч, хохиролтой нь ХЗХ-ны гэх үйлдэл юм.

1. Шүүх Иргэний хуулийн 454.1 дэх хэсгийг дурьдаж манай хоршоог “Хадгаламжийнүйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд” гэж, мөн “Глоб кредит ХЗХ-ны дарга Ж. Мэндбаяр” гэж тус хоршоо болон миний биеийг хууль ёсны этгээд гэдгийг хүлээн зөвшөөрсөн дүгнэлтийг хийжээ.

2. Бусдын мөнгийг залилж авахын тулд “…хадгаламжийн өндөр хүү амлаж,зар сурталчилгааг удаа дараа хууль бусаар явуулж…” гэж дүгнэсэн боловч хадгаламжийн хүүг яг ямар хуулиар хэд гэж хязгаарласныг хэдээр өндөрсгөж хэдэн хувийн хүү амласныг, яг ямар хууль зөрчин, ямар зар сурталчилгааг яг хэдэн удаа, ямар сувгаар хэзээ явуулсныг нотлох ганц ч баримтыг шүүх дурьдаж чадсангүй. “Өндөр хүү” гэдэг нь манай хоршооны дүгнэлт биш зөвхөн туйлширсан таамаг, найгүй их реклам гэдэг нь Глоб хоршооны бус, Глоб группийн компаниудын сурталчилгаа байсан билээ.

3. Бүх гишүүд өөрсдөө сонголтоо хийж, өөрсдөө сайн дураараа бичсэн анкет болон хоршоонд элсэхийг хүссэн өргөдөл, гэрээ, хадгаламжийн дэвтэр болон хугацаа, хүү нь ном журмаараа хөтлөгдсөн бүртгэл тооцоо нь хавтаст хэрэгт байгааг шүүх зөв үнэлэн дүгнэж “Хоршооны гишүүн, хадгалуулагч, хадгаламж эзэмшигч” гэж тодруулсан дүгнэлтүүдийг хийснээрээ хоршоонд элссэн иргэдийг хоршооны албан ёсны гишүүн, хадгалуулагч, хадгаламж эзэмшигч мөн гэдгийг тогтоож хүлээн зөвшөөрсөн байна.

4. Шүүх “…15,952,413,500₮-ийг татан төвлөрүүлж 15,298,940,000₮-ийг буцаан олгосон …” гэдгийгшүүх тогтоосон байна. Арай гэж 100₮ залилж авчихаад 96₮-ыг нь буцааж олгоод сууж байдаг залилагч байх уу? Хамгийн энгийн гаргалгаа энэ. 15,9 тэрбумыг татаад 15,3 тэрбумыг буцаан олгосон байсныг тогтоосноороо шүүх уг хэрэгт залилан мэхлэх гэмт хэргийн субьектив шинж огт байхгүйг нотлон үлдээжээ.

5. Шүүх “…зээлийн хороо, хяналтын зөвлөл ажиллуулаагүй, иргэдийн хадгалуулсан мөнгөний ихэнхи хэсгийг өөрөө дур мэдэн өөрийн компаниудад, үлдсэнийг нь хоршооны гишүүн бусэтгээдэд хууль бусаар зээлийн журмаар олгосон нь хүүгийн хамт авлага болон бүртгэгдсэн…” гэж дүгнэсэн байна. Энд намайг “идэж уусан, ашиглан шамшигдуулсан, өөртөө авсан” гэсэн нэг ч үг үсэг,тоо баримт алга. Харин хоршооны бүх мөнгийг өсгөх зорилгоор зээл олгож эргэлтэнд оруулсан, хүү, хугацааг нь ном ёсоор нь бүртгэчихсэн байгааг шүүх тогтоожээ.

6. Шүүх миний компаниуддаа олгосон зээлийн хэмжээтэй яг тэнцүүлэн “…чанаргүй зээл нийт зээлийн 64.9%-ийг эзэлсэн” гэж дүгнэсэн байна. Чанаргүй зээл гэдэг нь хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй л болхоос “найдваргүй болон эрсэдсэн зээл”-ийн ангилалд биш “эргэн төлөгдөх боломжтой зээл”-ийн ангилалд багтдаг. Гэтэл манай компаниуд авсан 3,7 тэрбум зээлийнхээ эрсдэлийг хүүтэй нь даах хангалттай хөрөнгө, чадвартай байсан нь өнөөдөр бүр ч тодорхой болж байна.

7. Мөн шүүх “…хадгаламж эзэмшигчдийн дэвтрийн нийт үлдэгдэл болох 7,488,536,900₮-ийг төлөх төлбөрийн чадваргүй болсон байна..” гэж дүгнэсэн байдаг. Шүүх “найдваргүй, эрсэдсэн” гэх нэг ч төгрөгийн зээлийг тогтоогоогүй харин ч компанидаа олгосон 64,9%-ийн чанаргүй зээл, гишүүн бус этгээдүүдэд олгосон 35.1%-ийн чанартай зээлийг 100% эргэн төлөгдөх зээл боломжтой зээл гэдгийг тогтоочихсон байгаа мөртөө хоршоог “100% төлбөрийн чадваргүй болсон” гэж зүгээр бичээд л даргыг нь залилангаар ялласан нь нэн ойлгомжгүй юм. Зээл олгосон үйлдэл нь залилангийн үйлдэл гэж үү дээ?

8. Шүүх “35,1%-ийн чанартай зээлийг гишүүн бус этгээдэд олгосон” гэж тогтоосон мөртөө яг хэн авсаныг нь тогтоолгүй орхиж уг зээлийн төлбөрийг надад үүрүүлэн үлдээснээр “гишүүн бус этгээд” нь хүүтэйгээ нийлээд 2,540,000,000 төгрөгийн зээлээ завшин хоцорсон нь илэрч байна. Уг зээлийг би олгоогүй. Харин хэн нь хэнд олгосоныг шүүх яагаад тогтоосонгүй вэ?

9. Шүүх Иргэний хуулийн 455.3-ыг дурьдан “Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан…” гэж энд иргэний гэрээний эрх зүйн хэвийн харилцаа явагдаж байсныг хөдлөшгүйгээр тогтоосон байна. Цаашлаад шүүх мөн хуулийн дагуу “уг гэрээний хугацаа дуусангуут хадгаламжийг хүүтэй олгох үүрэг”-тэй болохыг надад сануулан дурьдаж хадгаламжийн хүү тогтоон шийдвэрлэсэн байна. Гэтэл энэхүү гэрээнүүдийнх нь хугацаа дуусаагүй байсан байвал яах уу? Үргэлжлүүлэн хорьсоор байгаад хууль ёсны мөнгөн хадгаламжийн зарим гэрээний хугацааг хүчээр дуусгаж, заримыг нь огт дуусаагүй байхад нь яллаж шоронд илгээснээ шүүх энд нотлон үлдээжээ.

10. “…2006.4.14-ний өдрөөр хүүг тасалбар болгон 1060 хадгаламж эзэмшигчийн дэвтрийн үлдэгдэл болох …₮ дээр хадгаламжийн хүү …₮ нэмж бүгд … ₮-ийг гэм хорын хохиролд тооцон Ж. Мэндбаяраас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ. Шүүх хожим асуудлыг хөвөх гол гогцоог яг энд үлдээсэнбайна. Гэмт хэргийн хохиролд хүүг тооцохгүй байх зохицуулалт хуулинд байдаг. Xэрвээ энэ гэмт хэрэг мөн л юм бол ямар ч “хүүг тасалбар болгох”, “хүү нэмж тооцох” асуудал энд шийдэгдэх нь бүү хэл яригдах ч боломжгүй. Гэтэл эндзөвхөн Иргэний хэргийн шийдвэрт л байдаг “хүү” тогтоосоншийдвэр нь өөрөө “уг хэргийггэмт хэрэг огт биш. Ерөөсөө л иргэний гэрээний эрх зүйн харилцаа байсан” гэдгийг хөдлөшгүй нотлох баримт болон үлджээ. Угаасаа гэмт хэргийг бүрдүүлдэг 4 шинжийн нэг нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан “шууд хохирол”-оор л илэрхийлэгддэг. Жишээ нь сүү нэмсэн усыг ус гэж зүтгэх тэнэг байхгүй. Сүү нэмсэн ус нь биш цийдэм эсвэл хярам л болно. Үүнтэй нэгэн адил хүү нэмсэн хохирлыг гэмт хэргийн хохиролд хамааруулах нь тэнэг хэрэг. Тэгэхээр уг хэргийн 7₮-ийншууд хохирол дээр 1₮-ийн хүү нэмчихсэн болохоор нийлбэр 8₮ нь уг гэмт хэргийн хохирлыг илэрхийлэх чадамжаа бүрэн алдчихаж. Ингээд шүүх эцэст нь уг хэргээсээ гэмт хэргийн хохирлын шинжийг нь бүрэн ангижруулаад “Глоб кредит” ХЗХ-ны гэх уг хэргийг “гэмт хэргийн бүрэлдхүүнгүй хэрэг” болгон үлдээсэн нь уг “хэрэг”-ийг хэлмэгдүүлэлт мөн гэдгийг хөдөлбөргүйгээр нотлох баримт мөн.

 Хоёр. Орон сууц захиалгын гэх хэргийн талаар

Үйл ажиллагааг нь мөн л залилан болгож хувиргасан “Глоб констракшн” ХХК нь тухайн үед барилгын зургийн болон угсралтын тусгай зөвшөөрөлтэй, инженерийн, техникийн, зураг төсвийн, хангамжийн, санхүүгийн, борлуулалтын, хамгаалалтын алба хэлтсүүдтэй, өөрийн байртай, бүрэн орон тоогоороо ажиллаж байсан, техник тоног төхөөрөмжийн парк, өөрийн хөрөнгөөр тавьсан төмөр зам бүхий ачих буулгах, хадгалах цогцолбор, өөрийн эзэмшил, хамаарал бүхий 20 гаруй газартай, сайн ч муу ч 2-7 давхар орон сууц, үйлчилгээний 10-аад барилга барьсан туршлагатай, барилгын салбарт өөрийн орон зай, байр сууриа бэхжүүлсэн компани байлаа. Намайг баривчлагдах үед 48 айлын, 36 айлын орон сууцны 2 барилгыг бариад дуусч байсан бөгөөд тухайн жилд 6 барилга барихаар төлөвлөн бусад бүх компаны нэгэн адил захиалгаа урьдчилан авч байсан бөгөөд шинээр барих зарим барилгын зураг төсөв нь бэлэн болчихоод, экспертизээр батлагдчихсан, зарим техникийн нөхцлүүд нь авагдчихсан, тоног төхөөрөмжүүдээ зоочихсон, буулгачихсан, ажилчдын байрыг нь барьчихсан байсан ба бусад барилгуудынхаа зураг төсвийг хийж байсан билээ.

1. Компанийн бүх үйл ажиллагааг болон шинээр барих барилгуудынхаа бэлтгэл ажлуудаа хангаж байсан ажиллагаануудыг хавтаст хэрэгт хангалттай байгаа нотлох баримтуудаар нь тогтоогоод шүүх намайг “2005 оны 3-р сараас эхлэн … орон сууцуудыг тус тус барихаар төлөвлөсөн…” гэж дүгнэсэн байдаг. Энд “орон сууцуудыг барихаар төлөвлөсөн” гэсэн л болохоос “орон сууц барина гэж мэхлэн мөнгийг нь авахаар төлөвлөсөн” гэж бичээгүй байна.

2. Шүүх “2007 онд ашиглалтанд оруулна гэж… зарлан, байрны 1м.квталбайг 385-399ам.доллараар борлуулахаар иргэдээс хууль бусаар захиалга авч, …төгрөг залилан авсан ба уг мөнгийг “Глоб кредит” ХЗХ-ны хадгаламж эзэмшигч нарт зээлийн төлбөрт олгосон” гэж дүгнэсэн байдаг. 2007 он нь 2007 оны 12-р сарын 31-нд дуусах нь тодорхой. Гэтэл2006.4.14-нд намайг баривчилж хорьсоор “2007 онд ашиглалтанд оруулна гэсэн барилгаа 2007оны 1-р сарын 11-нд барьж өгөлгүй залилсан” гээд шоронд явуулчихсаныгаа шүүх нотлон үлдээсэн нь энэ. Орон сууц барих өртөг нь 195-210$. Харин “385-399$-аар борлуулхад ашиг гарна” гэж шинжээч дүгнэсэн. Угаасаа хэнд ч ойлгомжтой байсан баймаар юм. Мөн түүнчлэн захиалга яаж авах тухай заасан ямар хуулийг яг яаж зөрчсөнийг тодорхойлсон дүгнэлт энд огт алга. Захиалга авна гэдэг чинь барьж өгнө гэсэн ойлголт. Энд ямар ч л байсан захиалга авчээ гэдгийг тогтоосон болхоос барьж өгөхгүй байжээ гэдгийг тогтоосон дүгнэлт ч алга. Хуулиараа бол зөвхөн нотлох баримтаар л ялладаг. Гэтэл шүүх намайг “бусдад барилгаа барьж өгөхгүй байсан” гэж мөн л таамаглан ял оноосоныгоо энд нотлон үлдээсэн нь энэ ээ.

3. Шүүх “… Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 362 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн…” гэснээ араас нь “хэдий ч” гэж өмнөхөө бүрхэгдүүлэх үг хэрэглэнгүүтээ “… улсын экспертизээр батлагдсан зураг төсөвгүй, газрын зөвшөөрөлгүй байхад…” гэж ял шийтгэх үндэслэл гаргажээ. Гэтэл 2009.2.20-нд БГД-ийн 6-р хороо УБ паласын зүүн талд байрлах 2568 м.кв талбайтай газрыг Банк, ХЗХ-дын өр барагдуулах албанаас 23,880,000₮-ийн хөдлөх хөрөнгийн хамт 100,904,000₮-өөр албадан дуудлага худалдаанд оруулаад ердөө 400,000₮-өөр өсгөн 101,304,000₮-өөр худалджээ. “Төр” гэр хорооллын 1м.кв газрыг 100,000₮-өөр үнэлсэн харин дахин төлөвлөлтөөр эзэд нь газраа 100ам.доллар буюу 150,000₮-өөр ч өгөхгүй гэж байхад УБ паласын зүүн талын төв зам дагуу газрын 1м.кв-ыг нь 29,900₮-өөр “үнэ цохиж”авсан “ялагч”-д нь захиран зарцуулах эрхийг нь олгуулахаар БХЗХӨБА-аас хүргүүлсэн албан тоотод Нийслэлийн газрын албанаас 2009 оны 3-р сарын 9-нд өгсөн хариуд “Уг газрыг 2004 оны 12-р сард “Глоб констракшн” ХХК-д орон сууц үйлчилгээний зориулалтаар Нийслэлийн засаг даргын 541 тоот захирамжаар олгож, газар эзэмших 048570 тоот гэрчилгээ өгсөн …” гэж дурьджээ. Мөн 2013.3.13-ны өдөрБарилгын Хөгжлийн Төвөөс Оюунбадамд илгээсэн албан тоотод “Глоб интернэшнл групп ХХК-ны захиалгаар БНХАУ-ын Өвөр Монголын Барилгын Зургийн Хүрээлэнд хийгдсэн 12-20 давхар орон сууц, үйлчилгээний цогцолборын зураг төсөлд хийсэн Улсын экспертизийн дүгнэлт 2006.4.8-нд гарсан” болохыг дурьджээ. Энэ л гэхэд зүгээр л хамгийн захаас нь шүүрээд авхад л эхний нэг л нотлох баримт. Уг газрын баримт материал, зөвшөөрөл, экспертизийн дүгнэлт хэрвээ хавтаст хэрэгт байхгүй бол яагаад байлгалгүйгээр яллачихсан юм?Байгаагүй юм бол “Гэм буруугүй этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн”-ийг нотлох нөхцөл байдал шинээр илэрч байгаа нь энэ. Хэрвээ ийм материал байсан бол яагаад байхгүй гэж бичээд яллачихсан юм бол? Ямар ч л байсан дээрх баримтууд намайг цагаатгах шинэ нөхцөл байдал мөн гэж би үзэж байна. Тэгээд ч шүүх “барилга барихаар төлөвлөсөн” гэснээрээ энд гэмт хэргийн субьектив шинж огтхон ч байхгүй гэдгийг нотлон үлдээсэн байна. Хов хоосон байж гудманд хүрз барьж зогсоод, хэд хашгирч, зурагтаар зарлаад л захиалга авчихсан бол залиланг хүлээн зөвшөөрөхсөн.

 Гурав: Үнэт цаас гаргасан гэх хэргийн талаар:

“Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой 2006 онд тохионо. Гаднаас сая жуулчин ирнэ. Зочид буудал хүрэлцэхгүй яадаг билээ” гэцгээгээд байсныг та санаж байгаа байх. 2005 оны 6-р сард би эхнэрийнхээ компанийн зочид буудлыг сендвичээр давхарлачихвал үүргэвчтэй аялагч, групп жуулчид буулгаад байж болохыг тооцоолон саналаа эхнэртээ хэлэхэд тэр дэмжсэн. Харин уг төслийн санхүүжилтийг өөрийнх нь компаний хөрөнгөөр баталгаажуулсан хаалттай бонд гаргах замаар босгохоор шийдвэрлэн уг ажлыг өөрөө гардан удирдаж хэрэгжүүлсэн. 8-р сараас эхлэн бэлтгэл ажлаа ханган, 1-р сараас 4-р сар хүртэл борлуулаад орлогоор нь 5-р сараас 7-р сар хүртэл барилгаа давхарлах ажлыг амжуулахаар төлөвлөж 1-р сард бондоо гаргасан. Харин 25 этгээдэд борлуулсан бондын орлого нь төлөвлөсөн хэмжээний санхүүжилтийг төлөвлөсөн хугацаанаас өмнө босгосон учир үлдсэн бондыг ХЗХ-ны хадгаламжаараа худалдан авах хүсэлтэй иргэдэд бэлэн бусаар худалдсан. Бондын бэлэн орлого нь 194,0 сая төгрөг, бэлэн бус борлуулалт нь 1.18 тэрбум төгрөг болсон.

1. Шүүх “…Глоб Кредит” ХЗХ-нд мөнгөө хадгалуулсан иргэдийн мөнгийг төлөх чадваргүй болмогц өөрийн эхнэр Цэцэгмаатай бүлэглэн … “Сээт Инвест…карт” гэгч өрийн бичгийг гаргаж 72 иргэнд 1.380 тэрбум төгрөгийн хохирол учруулсан…” гэж дүгнэсэн байна. Гэтэл бодит байдал уг дүгнэлтийн эсрэг байсан. Хоршооны хадгаламж гаргах бүтэн сарын төлөвлөгөөт олон зуун сая төгрөгийг маань Зоос банк, Монгол банк нар хавсайдантүгжиж дээрээс нь Монгол банк элдэв гүтгэлгийн чанартай бодит бус мэдээллүүдийг нэр цохон манайх руу чиглүүлэн хоршооны хадгаламж эзэмшигчдийг мөнгөө ихээр татахад хүргэж, хоршооны үйл ажиллагааг удаа дараа зохиомлоор доголдуулж байсан үетэй уг бондын борлуулалт давхцаж, орлого нь төлөвлөсөн хугацаанаас өмнө орж ирсэн болхоос шүүхийн дүгнэсэн шиг чадваргүй болмогцоо хоршоонд мөнгө өгөх зорилгоор бонд гэгчийг гаргасан юм биш. Бондыг бизнесийн ашгаа нэмэгдүүлхийн тулд барилгаа давхарлах санхүүжилт босгох зорилгоор гаргасан. Харин барилгаа давхарлах ажлын улирал эхлэх хүртэл бондод хий хүү төлөхгүйн тулд орлогоо ямар нэгэн эргэлтэд оруулсан нь зүйн хэрэг юм. Мөнгө хаана хэрэгтэй байна, тодорхой хугацаанд сул мөнгийг тэнд тодорхой хугацаагаар байршуулаад хугацаа нь болонгуут буцаан татаж зориулалтаар нь ашиглаж болох тод жишээг өнөөдөр ч “Чингис” бондын үйл ажиллагаанаас харж болно. Нөгөөтэйгүүр энд нэг хоршоо хүндэрсэн гээд тэнд өөр нэг компани төлөвлөсөн ажлаа зогсоох ёсгүйн жишээ ч мөн л Чингэс бонд. Улс орон өр ширтэй, байдал хүнд байна гээд бонд гаргахгүй байна уу?

Би Зоос банкнаас авах шүүхийн шийдвэртэй авлагаа 5-р сар гэхэд авчихна гэж тооцоолоод, уг авлагаасаа 5 сар гэхэд буцаан байршуулж зохих хугацааных нь хүүг манайх төлөхөөр эхнэртэйгээ тохиролцоод бондых нь бэлэн орлого 197 сая төгрөгийг нь ХЗХ-нд түр байршуулан хадгаламж олгосон боловч намайг 4-р сард барьж авч хорьж байгаад 5-р сар болгочихсон. Улмаар эхнэрийг маань ч хорьж цагдан, ял зэм өгч бондод барьцаалсан хөрөнгийг нь хуу хаман хураан тонож, эзэнгүйдүүлэн үрэгдүүлж, бантан хутгаснаар өнөөдөр уг бондыг эзэмшигчид хохирч үлдсэн юм шүү дээ үнэн чанартаа бол.

ХЗХ төлбөрийн чадвартай байсныг нь шүүх өөрөө эхэнд дүгнэчихсэн байгаа, бондынбүх гэрээ тус тусдаа хуульёсны барьцаатайбайсан,бондыгэргүүлэн авах гэрээний хугацаа дуусаагүй дөнгөж эхэлж байсан, ХЗХ-ны үйл ажиллагааг дэмжсэн, бондын орлогыг эргэлтэнд байлгасан, авсан мөнгөө буцаан байршуулах боломж нь байсан, босгосон хөрөнгийг зориулалтаар нь зарцуулах хугацаа эхлээгүй байсан, СЗХ уг бондыг “өрийн бичгийн шинж чанарыг агуулж байна” гэж дүгнэсэн гээд тоочоод байвал уг асуудлыг залилан болгох боломжгүйг хангалттай нотлох бусад баримтууд ч хавтаст хэрэгт байсныг шүүх хүлээн зөвшөөрч биднийгөрийн бичиг “гэгч”-ийг биш “Өрийн бичиг гаргасан” гэж дүгнэсэн байдаг мөртлөө залилангаар зүйлчлэн ял оноож ХЗХ-ны хэрэгтээ бас нэг л хачир нэмж, “Ж.Мэндбаяр эхнэртэйгээ бүлэглэн ХЗХ-г залилсан” гэж нийтэд ойлгогдохоор сүр оруулжээ. Зохих гэрэээндээ үл хөдлөх хөрөнгийн барьцаа зааж 197 сая төгрөгийн үнэт цаас борлуулсан, 1.18 тэрбум төгрөгийн хадгаламжийг мөн л үл хөдлөх хөрөнгийн барьцаатай үнэт цаас болгон хувиргаж харин ч эрсдэлээс хамгаалсан үйлдэлүүдэд хэн чхохироогүй, хохирох ч үгүй байсан нь тодорхой билээ.

2. Шүүх үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9.5 д заасан “Үнэт цаас гаргаж хуримтлуулсан хөрөнгийг танилцуулгад заасан зориулалтаар зарцуулна” гэснийг ноцтой зөрчсөн гэж дүгнээд Үнэт цаасны хууль тогтоомж зөрчсөн гэх ЭХ-ийн 158.2-оор зүйлчлэн ял оноогоод өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон нь уг магадлал дээр байна. Энд шүүх дээр өгүүлсэн “болмогц, гэгч” гэдэг үгсээ үгүйсгэн, “Барилгаа давхарлах зорилгоор үнэт цаас гаргасан. Гэхдээ орлогыг нь зориулалтаас нь хазайлгаад ХЗХ-нд өгсөн” гэсэн үндэслэл гарган 158,2-оор зүйлчилжээ. Гэтэл энэ нь өршөөлд хамрагдчихаж байгаа учраас “Хоршооны мөнгийг төлөх чадваргүй болмогцоо хоршоонд мөнгө өгөх зорилгоор бонд гэгчийг гаргаж залилсан” гэсэн бас нэг үндэслэл бичээд л 148,3-аар дахин зүйлчлээд миний эхнэрийг 21,0 саяар торгож шийтгэсэн болж “халтуур”-дах замаар миний ялыг хүндрүүлсэн байгаа юм. Шүүх зөвхөн заавал яллахын тулд л нэг үйлдэлийг 2 өөрөөр “дүгнэн” давхар зүйлчилж, давхар ял оноосон ноцтой баримт илэрч байгаа нь энэ.

 Дөрөв. Миний дүгнэлт

1-рт: “Мөнгөө өгсөн нь хоршооны гишүүн, хадгаламж эзэмшигч, хадгалуулагч, мөнгө авсан нь хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, бусдаас авсан мөнгө нь буцаан өгөх байсан нь тодорхой хадгаламж, бусдад өгсөн мөнгө нь 100% эргэн төлөгдөх боломжтой зээл” гэдгийг шүүх өөрөө нотлон тогтоогоод дүгнэчихсэн байна. Тэр ч бүү хэл хохирол дээр нь хүү нэмж тооцоод уг хэргээ “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэрэг” болгоод үлдээчихсэн байна.

2-рт: Шүүх өөрөө “Орон сууц барихаар төлөвлөсөн”-ийг нь нотлон тогтоогоод дүгнэчихсэн байна. Байхгүй гэж ялласан барилгын газар, зураг төсөв, экспертизийн дүгнэлт байсан нь ч гараад ирлээ.

3-рт Үнэт цаас гаргасан зориулалт нь бизнесийн зорилготой байсныг шүүх өөрөө нотлон тогтоогоод 158-р зүйл ангиар зүйлчилээд өршөөлд хамруулчихсан байна.

Үндсэндээ “Хадгаламж авах, өгөх эрх бүхий этгээдүүд” нь хоорондоо “мөнгөн хадгаламжийн гэрээ”, “орон сууц захиалгын гэрээ”, “бонд худалдах, худалдан авах гэрээ”байгуулж үүсгэсэн иргэний гэрээний эрх зүйн харилцааны дундуур “төр” сайн дураараа гүйн орж ирж гэрээг нь тасалдуулаад, тэр ч бүү хэл талуудын нь өмнөөс гэрээг нь сайн дураараа урьдчилж дүгнээд, намайг мөнгөө маргааш өгөхгүй байсан, барилгаа маргааш барихгүй байсан, бондоо маргааш буцааж авахгүй байсан гэж, тодруулбал “гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаандаа биелүүлэхгүй байсан” гэж таамаглаад, эсвэл маргааш нь өгч авалцах мөнгө, бонд, маргааш барих орон сууцаа өнөөдөр өгч авалцсангүй гэж гэрээний нэг талыг нь ялтан, нөгөө нэг талыг нь хохирогч гэсэн сэтэртэй үлдээсэн энэ хэрэг эрүүгийн хэрэг мөн үү?

ЭБШХ-ийн 296-р зүйлийн 296.1 дэх хэсэгт “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт … шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт…-ыг тодорхойлно” гэжээ. Гэтэл шүүх шийтгэх тогтоол, магадлалуудынхаа тодорхойлох хэсэгт дээрхи 3 үйлдэлд ял оноосон үндэслэлүүдээ нотлох баримт үгүй ядахнаа ганцыг ч тодорхойлж чадаагүй байх юм. Түүнчлэн УДШ өөрөө гаргасан 2006 оны 51-р тогтоолын 1-д “…бусдын эд хөрөнгө, эсвэл өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж үүнд чиглэсэн идэвхитэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэг гэж үзэхгүй” гэж, 7-д “…Гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй”гэж, 8-д “…Урьдчилан тооцоолох боломжгүйгээр нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй” гэж, 15-д “Иргэний хуулийн56…, 57…,58…,59…,60…-д заасан хэлцэлээр үүссэн маргаанд шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгө, эсвэл өмчлөх эрхийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар олж авах гэсэн санаа зорилго байдаггүй тул уг хэлцэлүүдээс үүссэн маргаан болгон гэмт хэрэг болохгүй” гэж , 18-д“залилан мэхлэх гэмт хэргийн хохирлыг учруулсан шууд хохирлоор нь тогтооно гэж”, 21-д “гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг… субьектив санаа сэдэлтэй байсан эсэхийг заавал тогтоосон байвал зохино” гэж тайлбарлажээ. Шүүх уг тайлбараараа л хуулийн биелэлтийг хангах үүрэгтэй. Гэтэл уг тогтоолын 1-д заасан үйлдэлийг хийсэн гэх нотлох баримт огт дурьдаагүй, дүгнэгдэж байсан, дүгнэгдэх хугацаа нь дуусаагүй байсан гэрээнүүдийг хүчээр эрсдэлд оруулаад, нэгч хүн гомдол өргөдөл гаргаагүй байхад хүчээр маргаан үүсгэчихээд, гэрээний нэг талыг нь хууль бусаар барьж хорьсоноор гэрээний үүрэг үл биелэгдэх нөхцөл боломжийг гэнэт бий болгосоны улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй, 15-д заасан хэлбэрийн гэрээнүүд ч биш бүх гэрээг жинхэнэ хууль ёсны гэрээ мөн байсныг нь шүүх өөрөө дүгнэчихсэн төдийгүй, субъектив сэдэл байсан эсэхийг огт тогтоогоогүй мөртлөө дээрх 3 үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзээд тэр ч бүү хэл 18-д заасан шууд хохирол биш, хүү нэмж тооцсон шууд бус хохирол тогтоож уг хэргээ хохирлоос нь бүрэн ангижруулаад “бүрэлдэхүүнгүй” болгочихсон мөртөө 10 жил чанга дэглэмтэй хорих ялаар шийтгэчихсэн нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 4-р сарын 11-ны 170 тоот магадлалаас илэрч байна. Нийгмийн хэт туйлшрал, төрийн завхрал нугалаа, хуулийн гажуудал, зөвхөн энэ хэрэгт холбоотой иргэд, тэдний ар гэрийнхэнд ч бус төрд, бүр төрийн ард байгаа татвар төлөгчид, тэдний гэр бүл нийлээд 2.8 сая иргэнд учирчихаад байгаа асар их хэмжээний хохирол, олон мянган иргэдийн цус, нус нулимс, зовлон ядуурлыг дагуулсан энэхүү хэргийн мөн чанар энэ л юм. Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг илчилж, бодит үнэнийг тогтоох цаг ирэх буй заа.

Үзэл бодол хэд ч байж болно. Харин ганц л үнэн байдаг. Зөвхөн цаг хугацааны л асуудал болохоос энэ үнэнд хүрэх нь ч мөн үнэн билээ.

 Хорих 441-р ангийн ялтан Ж. Мэндбаяр

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ard(71.198.80.110) 2013 оны 06 сарын 20

GARCH IRHEER CHAMAIG ALNAA

0  |  0
bc(203.194.115.95) 2013 оны 06 сарын 20

ungutei bn mungutei bolooroi

0  |  0
Уншигч(122.201.18.14) 2013 оны 06 сарын 19

Мэндбаяр аа чи их олон хуний менгийг урэн таран хийж олон айл ерхийг хэцуу байдалд оруулсан шуу.Чиний барьсан байшин чинь маш чанар муутай хулхидана гэж ямар байдгийг харуулсан жишээ болсон. Хумуусийг хуурч байхдаа дараагийнх нь ур дагаврыг нь бодож байх хэрэгтэй. Их олон айлыг хэцуу байдалд оруулсан горыг амсах л болж дээ

0  |  0
Глоб Кредит(202.131.228.178) 2013 оны 06 сарын 18

Өө бүр таргалаад өнгө зүс орчихсон айн...Амралтад байгаа юм шиг л харагдаж байна....

0  |  0
Ард(180.149.95.54) 2013 оны 06 сарын 18

Энэ хэргийн цаана олон хүмүүс хууль бусаар түрүүвчээ зузаалсан байх даа. Төрийн нэр барьж хэсэг бүлэг хүмүүс энэ мэт олон компаниудыг хүчээр дампууруулж ашиг олж баяжиж байгаа ш дээ.

0  |  0
ss(203.91.119.92) 2013 оны 06 сарын 18

denduu nurshuu ymaa

0  |  0
Batsuuri(202.179.24.47) 2013 оны 06 сарын 18

Энэ 1937 онд болсон байхаа

0  |  0
Top