Сэлбийн гүүр ирэх сарын 10-нд нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Нийслэл хотод зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар Цайз зах хүртэлх 2.8 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй, замын трасст орсон 121 объект чөлөөлөхөөс үлдсэн 64 объектийг чөлөөлөх шатандаа явж байгаа юм байна.

Мөн түүнчлэн Туул Жин Пангийн уулзвараас “Хилийн цэргийн удирдах газар” хүртэлх 750 м замыг ирэх сарын таван хүртэл хааж, хучилтын ажлын хийх бол Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон, Чулуун-Овооны тойргоос Ботаникийн цэцэрлэг хүртэлх авто замын хучилтыг ирэх сарын есөн хүртэл хийж, замын хөдөлгөөнийг урсгал тус бүрээр хэсэгчлэн хаахаар болжээ.

Одоогоор хийгдэж буй Сэлбийн хойд гүүрний зам засварын ажил ирэх сарын 10-нд дуусаж, гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээх юм байна. Дунд голын гудамжны зүүн хэсэг Гандийн гудамжны төгсгөлөөс Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис шатахуун түгээх станц хүртэлх 500 м замыг энэ сарын 25-ны өдөр нээхээр ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top