Оюутан залуучуудыг цагийн ажилд “зуучилж” эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбоо хамтран хэрэгжүүлж буй  “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг танилцууллаа. Хөтөлбөрийн хүрээнд “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж байгаа талаар хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар оролцлоо. Хурлын үеэр хоёр тал хамтран ажиллах санамж бичиг үзэглэж,  оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр хамтарч ажиллахаар болсон юм.  Санамж бичгийн хүрээнд цагийн ажил хийж, өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан, залуучуудад аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх юм.

Мөн оюутан залуучуудыг Монгол Улсын шинэ бүтээн байгуулалтад татан оролцуулж зуны амралтаар нь түр ажлын байраар хангах, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.  “Цагийн ажил” төслийн хүрээнд тус бүр 15 оюутны бүрэлдэхүүнтэй 28 баг хөдөлмөрийн зах зээлд ажилтан хамгийн эрэлттэй байгаа Төмөр зам, барилга, авто зам, хөдөө аж ахуй гэсэн салбаруудад ажиллана. Мөн 21 аймгийн 1 сумыг сонгож өвөлжөө барих болон багш, эмч, бизнесийн чиглэлийн 4 оюутнаас бүрдсэн баг сум тус бүрт ажиллах гэх мэтээр оюутан залуусыг баг болгон хувааж, цагийн ажил хийлгэх юм. Түүнчлэн цагийн ажил хийж буй оюутнуудын хөдөлмөрийн хөлсийг ч мөн тооцсон байна. Тухайлбал, төмөр зам, барилга, авто зам, хөдөө аж ахуйд ажиллах оюутнуудын цалин 500 мянган төгрөгөөс доошгүй байх бол суманд ажиллах оюутнуудын цалин 200  мянга, харин өвөлжөө барих оюутнуудын цалин 500 мянган төгрөг байх ажээ.  “Зуны амралтын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломж олгож, улс орны болон нийгмийнхээ хөгжил, боловсролын салбарт өөрийн оролцоог нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж хөдөө суманд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх уг төсөл амжилттай хэрэгжиж, цаашид ч улам боловсронгуй болж үргэлжилнэ” гэдгийг хурлын үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав онцолж байлаа.

Мөн оюутан залуусын ажлын анхны гараа ийнхүү эхэлж байгаа нь цаашид ажил хөдөлмөр тогтвортой эрхлэхэд ч дөхөм болно гэлээ.  Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, зуны амралтаараа цагийн ажил хийх боломжыг олгож буй уг төсөлд 600 гаруй сая төгрөгийг зарцуулах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top