”Хөшөөт”-өөр хөл хийчихээд Монголын хуулийг эсэргүүцнэ гэв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын гишүүд хуралдаад Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулах нь зөв гэсэн байр суурь дээр  нэгдсэн юм. Ингэснээр манай талаас энэ ордыг стратегийн ордын жагсаалтдаа  албан ёсоор багтаачихвал Хөшөөтийг дураараа эзэмшиж, дургиж ирсэн гэгддэг  “Мон Эн Ко” ХХК-ийн хувь эзэмшлийн  асуудал ч албан ёсоор босч ирнэ гэдгийг бичиж байсан. Тэгвэл  стратегийн ордод багтаах эсэх асуудлыг парламентын түвшинд хэлэлцэхэд ойрхон болсон энэ үед “Mongolia Energy Corporation”-ийн удирдлагууд сул зогсолт хийх болсныг орон нутгийн эх сурвалжууд мэдэгдэж байгаа юм. 500 гаруй ажилтных нь тал хувь нь цалин мөнгөгүй сул зогсох хэмжээнд хүрчихээд байгаа талаар мэдээ ирж байгаа юм. Уг нь энэ оны 1 дүгээр сард Хөшөөтийн уурхайн ажиллагсад болоод Хөшөөт тосгоны удирдлагууд МонЭнКо компанийн Орон нутаг хариуцсан захирал Жеймс Ж.Долантай хэлэлцээрийн ширээний ард суусан удаатай. Тэдний зүгээс  ажлын нөхцөлөө сайжруулахыг мөн хортой нөхцөлд ажилласны нэмэгдэл  хөлсийг хуульд заасны дагуу авах гэхчлэн хэд хэдэн шаардлагыг компанийн удирдлагадаа тавьсан ч, төдийлөн амжилт олоогүй юм. Гэтэл “Мон Эн Ко” ХХК-ийн эрхэм удирдлагууд Хөшөөтийн ордод бараг 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулснаа ярьж, монголын улстөрчдийн үзэглэх шийдвэрээс хамаарч дараа дараачийн алхмаа төлөвлөж байгаагаа ярьж байна. Харин Монголын Хөшөөт ордоор барьцаа хийн хэчнээн хэмжээний хөрөнгө босгож чадсанаа огт дурдахгүй байгаа юм. Уг нь тэд Хөшөөтийн нүүрсний ордыг 2.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж олон улсад зарлаж байгаад Хонгконгийн бирж дээр хувьцаа гаргаж 2.7 тэрбум ам.доллар босгосон компани шүү дээ. Тэгэхээр Хөшөөт стратегийнх болсон тохиолдолд тус компани одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Ашигт малтмалын хуулийн 5.6-д заасан  Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэсэн заалтыг дагаж мөрдөх хэрэгтэй л болох юм.

Ер нь бол социализмын үед улсын төсвөөр хайгуул нь хийгдсэн Хөшөөтийн орд монголчуудын мэдлээс гараад хэдэн жилийн нүүрийг үзэхдээ Хятадын компанид ихээхэн ашиг дагуулсныг үгүйсгэх нь утгагүй юм. Хөшөөтийн ордын нөөцийг   хэсэгчлэн тогтоож,   хамарч байгаа ерөнхий хэмжээгээр нь авч үзвэл Тавантолгойн дараа орох хэмжээний маш том нүүрсний бассейн…  Тиймээс ч стратегийн ордуудын жагсаалтад оруулах тухай асуудал яригдаж байгаа”   гэдгийг  салбарын яамны өмнөх дэд сайд хэлж байсан юм. Тиймээс ч энэ мэт ярианууд бодит ажил болох гарааны ажлууд явагдаж байгаа гэж ойлгож буй. Гэтэл “Mongolia Energy Corporation” манайхтай заргалдахаа урьтал болгон ажилчдаа сул зогсоож байгаа нь нэг талаас эрх ашгийг нь юман чинээ тоохгүй явж ирснийг нь илтгэж байгаа юм.

Ер нь бол Тавантолгойнхоо нүүрсийг Хятад руу үнэгүй урсгаж байгаа манай тухайд Хөшөөтдөө эзэн суух ёстой гэдгийг давтан хэлэхэд гэмгүй болов уу. Тодотгоход, Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн орд гэж хуулинд заасан байдаг.

Хэдийгээр “…ашигт малтмалд хөрөнгө оруулахад хамгийн тохиромжгүй орноор Монгол тодроход энэхүү стратегийн орд гэсэн хуульчилсан тодорхойлолт гоцлох үүрэг гүйцэтгэсэн нь маргашгүй үнэн” хэмээн хэлэх эрхмүүд бий ч, ашгийн төлөөх нөхдүүдийг давраахгүй байж хүч нь хүрдэггүй манай нөхдүүдийн тухайд ийм хуульчилсан зохицуулалттай байх нь зүгээр гэдгийг цаг хугацаа харуулж байгаа юм. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Стратегийн гэх тодотголд Бороогийн ордыг хасвал 14 орд албан ёсоор  багтаж байгаа. Харин ийм тодотголыг авч болзошгүй 50 гаруй орд байгаа талаар мэргэжилтнүүд ярьдаг юм.  Сүүлийн үед 40-өөд нь энэ жагсаалтад орох боломж бий талаар яригдаж байна. Мэдээж тэдгээрийн нэг нь Хөшөөтийн орд. Энэ ордыг стратегийн ордод багтаахын тулд УИХ-ын 2012 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл бэлэн болсон байх ёстой.

Ямартай ч Хөшөөтийн орд хүчин чадлын бусад үзүүлэлт, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээгээр стратегийн ач холбогдол бүхий ордын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулах нь зөв гэсэн хүсэлт шаардлагыг орон нутгийн иргэд болоод иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс төр, засгийн удирдлагуудад тавьж ирсэн бөгөөд эл засаг дамжин уяатай явж ирсний эцэст ямар ч байсан шийдэгдэх янзтай болоод байгаа юм. Хэрэв тэгээд төр тодорхой хувиа мэдэлдээ авчих юм бол  “Мон Эн Ко” ХХК-ийн хувь  эзэмшлээс гадна буруутай үйл ажиллагаанаас үүдэн бүс нутгийн байгаль орчинд учраад байгаа хор хохирлын асуудал ч анхаарал татсан хэлбэрээр яригдах болов уу..

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(204.93.60.221) 2013 оны 06 сарын 12

Khushuutiig kholion bantangsaid asan Barsbold khutgasan geed shuugiad baisan. Unen bolov uu

0  |  0
Top