“Петро Чайна”-г аргадах ёстой юу...

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Тамсагийн сав газрын нефтийг хятад нутаг руугаа урсгаж ирсэн  “Петро Чайна дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаатай холбоотой анхаарал татсан мэдээллүүд тасрахгүй нь. Тус компанийн олборлолтын талбайгаас зөвшөөрөгдөх хэмжээнээс гурав дахин хэтэрсэн хүнцэл илэрсэн гэх мэдээлэл гараад байсан бол тэрийг нь нягтлахаар Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтынхан ажиллах гэж байгаа гэх мэдээлэл бас байгаа юм. Тэгэхээр хэмжээ нь хэтэрвэл уршиг ихтэй хүнцэлтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагаас тодруулах нь шиг байна.

Мөн энэ компанитай холбоотой бас нэг мэдээлэл бол сүүлийн нэг жилийн хугацаанд цалингаа нэмэгдүүлэх, ажлын хоногоо багасгах зэрэг шаардлага тавиад үр дүнд хүрээгүйн улмаас ажлаа хаяад байсан 160 гаруй  Монгол ажилчид нь компанийн удирдлагуудтайгаа хэлэлцээрийн ширээний ард суугаад тохиролцчихжээ. Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын дундаж цалин 1000 ам.доллар байхад хятад ажилчдын тоо нь монгол ажилчдын тооноос даруй 3 дахин илүү болсон тус компанийн монгол ажилчдын дундаж цалин 300-400 ам.доллар байдаг атлаа 40 хоног ажиллаад 20 хоног амардаг. Он гараад цалин нэмсэн гэх боловч дөнгөж 7-10 ам.доллараар  нэмсэн нь ажилчдынх нь бухимдлыг төрүүлэн тэмцэл хийхэд хүргэсэн байгаа юм. Харин одоо талууд эвлэрчихсэн байна.

Ер нь бол тус компанийн ажиллах хүчинтэй холбоотой санал гомдол тасардаггүй. “Петро Чайна дачин Тамсаг” компанийн үйлдвэрлэлийн баазад БНХАУ-ын 26, Монгол Улсын 4 туслан гүйцэтгэгч компанид 1725 хятад, 427 монгол ажилчин ажиллаж байсан. Монгол ажилчдын 80 хувь Дорнод аймгийн уугуул иргэд юм. Ажилчид өөрсдийг нь Хөдөлмөрийн хуулийг зөрчин ажиллуулж байгаа талаар нутгаасаа сонгогдсон гишүүдээр дамжуулан хэлж ярьдаг ч, том толгойтой компани асуудлыг нь шийдэж өгдөггүй байсан. Ажилчдын нийгмийн баталгаатай холбоотой өөр нэг чухал санал нь орон нутгаас ажиллах хүч авч ажиллуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг аймгийн нийгмийн даатгалын байгууллагад бүртгэн шимтгэл төлүүлж байх шаардлагатай байгаа явдал байв. Учир нь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн орон нутгийн ажиллагсдын нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Улаанбаатар хотод баталгаажуулдаг, нийгмийн даатгалд хамрагддаг эсэхээ шалгах боломжгүй, яаралтай тохиолдолд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ нь бөглөгдөөгүй, өөрт нь байдаггүй учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад бэрхшээлтэй байдгийг хэлдэг.

 Засгийн газартай гэрээ байгуулаад 19 жил болж буй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аль ч компаниас давуу эрх эдлэн ажиллаж буй энэ компанийн хувьд ийм асуудлуудыг жигдрүүлэх цаг болсныг манай талаас хэлж ярьсаар өнөөдрийг хүрсэн. Харин өнөөдөр нөхдүүд яг хэрхэн тохиролцсон талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.

Тэгвэл нэг тийш нь болгож шийдэх шаардлагатай бас нэг чухлаас чухал асуудал бол Монгол Улсын Засгийн газраас Петро Чайна Дачин Тамсаг ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой. Тосон-Уул XIX, Тамсаг-XXI, БХГ-97 талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд өдөрт олборлох газрын тосны хэмжээг 50001 баррелиас давуулсан нөхцөлд Монгол Улсын Засгийн газарт ногдох хувь хэмжээг өсгөж 50 хувьд хүргэх нөхцөл тусгагдсан нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй байгаа аж. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгад байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг ашигласны төлбөр (роялти)-ийг 7.5 хувиас доошгүй байхаар хуульчлан оруулж, үүний үндсэн дээр газрын тосны ихэнх олборлолт, экспорт явагдаж буй Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн Тосон-Уул XIX гэрээт талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээнд роялти төлөгдөхгүй байхаар тусгагдсаныг өөрчлөх шаардлагатай байгаа гэдгийг хэлэх мэргэжилтнүүд байгаа юм.

Тэгэхээр манай Засгийн газрын толгойг “эргүүлээд” 19 жил болж байгаа энэ компанитай холбоотой асуудлыг хамаарч дийлэх газар манайд байгаа эсэхэд эргэлзэхээс өөр аргагүй байдаг. Ядаж байхад Дарханд нэг газрын тос боловсруулах үйлдвэр барихаар болж түүхий эдийнх нь асуудлыг шийдэх гэж зүдэрч байгаа манай эрхмүүд Хятадын “Петро Чайна”-гаас жилд  2 сая тонн түүхий тос авахаар гуйчихаад байгаа юм билээ. Мэдээж шийдвэрийг Хятадын тал гаргана. Тэгэхээр Петрочайна Дачин Тамсаг ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх энэ тэр  асуудал хэцүүхэн л байх төлөвтэй.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нацист(37.220.178.26) 2013 оны 05 сарын 30

та нарыг устганаа . янханы шээснүүдээ . монголд ирсэн дээ харамсах болноо

0  |  0
Top