“Чалко”-той хийж байгаа хэлэлцээр түүхий байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

“Чалко” компанитай байгуулсан алдагдалтай гэрээний улмаас санхүүгийн бэрхшээлд орсон “Эрдэнэс-Таван толгой” ХК энэ оны эхээр нүүрсний экспортоо зогсоосон. Харин энэ 4 дүгээр сарын 22-нд нүүрсний экспортоо эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл салбарын яамнаас өгч буй мэдээллээр өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс-Таван толгой” ХК нь уурхайн үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхийн зэрэгцээ БНХАУ-ын “Чалко” компанитай байгуулсан нүүрс экспортлох гэрээний нөхцлийг өөрчлөх, тухайлбал, үнэ өсгөх, нүүрсний тээврийн зардлыг бууруулах талаар яриа хэлэлцээ явуулж ирсэн аж. Энд зарим нэгэн нааштай шийдэл байгаа боловч хэлэлцээрийг дүгнэхэд арай эрт байгаа гэж байна.  Мөн “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн удирдлага үйл ажиллагааныхаа зардал бууруулах талаар тодорхой арга хэмжээ авсан нь зохих үр дүнд хүрч байгаа гэлээ.

“Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу манай нүүрсний үнэ өнгөрсөн 1 дүгээр улиралд тонн тутам 53 ам.доллар байсан бол 2 дугаар улиралд үнэ өсч 56 орчим ам.долларт хүрсэн нь нүүрсний экспортыг эхлүүлэх бас нэг боломж олгосон гэж байна.

“Эрдэнэс-Таван толгой” ХК нүүрсээ Таван толгойн уурхайгаас Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсээр дамжуулан хятадын талд экспортлож байсныг болиулж, уурхай дээрээ гүнийн гааль байгуулах замаар Ганц модны боомт хүртэл шууд тээвэрлэж нийлүүлэхээр тохиролцсон нь зардал хэмнэх, зохион байгуулалтыг сайжруулахад чиглэсэн  алхам болжээ.

Тус компани нүүрсний экспортоо сэргээсэн нь хятадын зах зээл дээр олж авсан байр сууриа хадгалах, нөгөө талаар үндэсний 10 гаруй аж ахуйн нэгжийн 2000 гаруй хүн ажилтай, орлоготой болж улмаар улс орны эдийн засгийг өсгөх, төсвийн орлого нэмэгдүүлэх тооцоотой байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top