Оюутны эрдэм шинжилгээний бага хурал болов

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

Ашигт малтмалын газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль хамтран жил бүрийн уламжлалт “Уул уурхай-Хөгжлийн тулах цэг” сэдэвт оюутны онол-практикийн бага хурлыг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний хурлын танхимд явуулав.

ҮIII дахь удаагийн энэ бага хурлын ажиллагааг АМГ-ын Уул уурхайн хэлтсийн орлогч дарга М.Мэндбаяр, МУУҮА-ийн ерөнхийлөгч Д.Дамба, ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал, доктор /Ph.D/, дэд профессор Х.Жаргалсайхан, Монголын баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Г.Шархүү, Монголын нүүрс ассоциацийн захирал Л.Даваацэдэв нар удирдан явуулж эхний байр эзлэсэн оюутнуудад өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулав.

Уралдаанд нийтдээ 26 оюутан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээ ирүүлснээс эрдэм шинжилгээний бага хуралд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Орхон аймаг дахь Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургууль, “Газарчин” дээд сургуулийн 12 оюутан илтгэлээ хэлэлцүүлснээс Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн оюутан Г.Даариймаа “Био-гидрометаллургийн уусгалтыг эрчимжүүлэх нэмэлт тэжээлүүдийн үйлчлэлийг харьцуулах боломжийн судалгаа” сэдэвт илтгэлээр нэгдүгээр байр, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн оюутан Б.Булган-Эрдэнэ, Д.Сүхбаяр нар “Шороон ордын металл авалтыг дээшлүүлэх боломжийн судалгаа” сэдэвт илтгэлээрээ хоёрдугаар байр, мөн сургуулийн оюутан Ш.Дашчийрав “Хүрэн нүүрснийг боловсруулж экологид ээлтэй түлш гарган авах боломжийн судалгаа” сэдэвт илтгэлээрээ гуравдугаар байр эзэлж мөн сургуулийн оюутан Б.Отгонбаяр “Ухаа худагийн ордын коксжих нүүрсний хүхрийн агуулгыг бууруулах технологийн горимын судалгаа” сэдэвт илтгэлэрээ тусгай шагнал хүртлээ.

Манай улсын баялгийн салбарт тулгамдаж байгаа чухал асуудлуудын хүрээнд геологи, уул уурхайн мэргэжлээр суралцдаг оюутнуудын судалгаа, шинжилгээний ажилд оролцох идэвхийг өрнүүлэх, сургалт үйлдвэрлэлийн холбоог гүнзгийрүүлэх, тэдний илтгэх чадварыг сайжруулах, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх улмаар магистр, докторын сургалтад хамрагдах мэргэжилтнүүдийн хүрээг өргөжүүлэхэд энэ бага хурал чухал ач холбогдолтой боллоо.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top