Төсвийн хөрөнгөөр хийж буй геологийн судалгааны талаар хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

Ашигт малтмалын газрын Геологийн албанаас “Улсын төсвийн хөрөнгөөр  хийж буй  геологийн судалгааны ажлын өнөөгийн байдал” сэдэвт уулзалт, ярилцлагыг геологийн судалгааны ажил гүйцэтгэж буй 21 компани, аж ахуйн нэгжийн захирал, ерөнхий геологчид, ерөнхий нягтлан бодогч нарыг оролцлоо.

Ярилцлагад АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяа, Геологийн албаны дарга Д.Болд, тус албаны Региональ судалгааны тасгийн дарга Д.Оюунцэцэг нар мэдээлэл хийж улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлууд нь Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн Газрын тогтоолууд, “Геологи, уул уурхайн салбарын талаар ойрын жилүүдэд баримтлах чиглэл”, хөтөлбөрүүдийг мөрдлөг болгон хийгдэж байгааг онцлон дурдсан байна.

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа геологийн судалгааны ажил нь 1:200000-ны масштабтай геологийн иж бүрдэл зураг зохиох УГЗ-200 төсөл, 1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн төсөл, сэдэвчилсэн судалгаа, хамтын ажиллагааны төсөл гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр явагдаж тодорхой амжилтанд хүрч байна. Манай орны нийт нутаг дэвсгэрийн  99,1 хувьд нь 1:200 000-ны масштабтай геологийн зураглал хийгдсэн, 29,7 хувь нь 1:50 000-ны масштабтай зураглалын ажлаар бүрхэгдсэн байна. Нутгийн дал гаруй хувь нь янз бүрийн масштабтай агаарын геофизикийн судалгааны ажилд хамрагдсанаас гадна хүндийн хүч, цахилгаан ба чичирхийллийн зэрэг гадаргуугийн геофизикийн ажлуудыг хүдрийн дүүрэг, зангилаа, орд газруудын хэмжээнд явуулсан байна.

“УГЗ-200” төслийг  2001 оноос хэрэгжүүлж Монгол орны нутаг дэвсгэрийн  хэмжээгээр авч үзвэл 2001-2010 онд нутгийн 33,14 хувь, 2012 онд 23.84 хувь (56.98 хувь дууссан)бүрхэгдэж үргэлжлэх болон шинээр хийгдэх төслийн талбай 43,02 хувийг эзэлж  байна.

1:50000-ны масштабтай геологийн зураглал ерөнхий эрлийн ажил Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор Өвөрхангай, Архангай, Дорнод, Дундговь, Сүхбаатар зэрэг аймгуудын нутаг дэвсгэрт хийгдэж 2012 онд 36 төсөл, 2013 онд 26 төсөл  үргэлжлэн хэрэгжиж энэ онд шинээр 10 төсөл хэрэгжинэ.

Сэдэвчилсэн судалгааны хувьд 2010-2012 онуудад хийгдсэн өмнийн говийн гидрогеологи-геоэкологийн иж бүрдэл зураг зохиох, геоэкологийн үнэлгээний ажлын эцсийн үр дүнгийн тайланг энэ онд хэлэлцүүлж, 2012-2014 онуудад “Өмнөд говь-2012” 1:200000-ны масштабтай гидрогеологи- геоэкологийн иж бүрдэл зураг зохиох, геоэкологийн үнэлгээний ажлын төсөл хэрэгжиж байна.

Хамтарсан төслийн шатанд ОХУ, БНХАУ, БНКазУ, БНСУ-тай хамтран “Хойд-Төв-Зүүн Азийн 3 хэмжээст геологийн структурууд ба металлогени” төсөл үргэлжлэн хэрэгжиж байна. Тэрчлэн “Монгол-БНХАУ-ын хил дагуух бүсэд 1:1000000-ын масштабын геологийн иж бүрдэл зураг зохиох” төсөл  “Монгол-БНХАУ-ын хил дагуух бүсэд 1:1000000-ын масштабын геохимийн зураг зохиох” төсөл амжилттай хэрэгжсэн .

Ярилцлагын төгсгөлд улсын төсвийн хөрөнгөөр геологи судалгааны ажил гүйцэтгэсэн компаниудын ирүүлсэн 2012 оны тайланд хийсэн дүн шинжилгээг танилцуулж амжилт ололт, алдаа дутагдлын талаар ярилцаж, 2013 оны ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцүүлэг хийв.

Арга хэмжээнд оролцсон компанийн төлөөлөгчид ийм ярилцлагыг анх удаа зохиож байгаад талархал илэрхийлж цаашид жил бүр хийж байхыг санал болгож, геологийн судалгаа хийх төсвийн хөрөнгийг жил бүр нэмэгдүүлж байх, сонгон шалгаруулалтыг геологийн хээрийн ажил эхлэхээс өмнө  зарлан явуулан шалгаруулж байх, хөдөө орон нутагт ажиллахад орон нутгийн байгууллагын зүгээс дарамт шахалтгүй ажиллахад дэмжлэг үзүүлэх талаар санал бодлоо хэлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top