Coal Mongolia: “Шинэ шийдэл бүхнийг дэмжинэ”

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Монгол Улсад гуравдахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Coal Mongolia-2013” олон улсын чуулга  уулзалтанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм.

Уул уурхайн сайд илтгэлдээ “Нүүрс нь эрчим хүч, төмөрлөгийн үйлдвэрлэл болон шингэрүүлсэн хийн түлшний түүхий эд төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй үнэт баялаг юм.

Монгол орны хэмжээнд нийт 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа бөгөөд манай орон нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т, нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх байранд орж байгаа юм байна. Энэ утгаараа нүүрсний салбар нь Монгол Улсын өрсөлдөх чадвартай салбарын тоонд зүй ёсоор орох нь нийтлэг ойлголт юм.

Нүүрсний салбарт баримтлах бодлогын хүрээнд Дэлхийн зах зээлийн нүүрсний үнэтэй тэнцэхүйц үнээр нүүрсээ борлуулахын тулд, олон улсын жишигт нийцсэн боловсруулалт хийх,худалдан авалтанд өрсөлдөөн бий болгоход чиглэсэн төмөр зам зэрэг шинэ тээвэр, ложистикын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ нүүрсний салбарт экспортын нэгдсэн нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нүүрсний бирж” хөтөлбөр боловсруулж, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлэх юм байна.

Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам нь кокс-хими, нүүрс-химийн үйлдвэрлэл хөгжүүлэх, гадаад зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгаль орчинд хор нөлөө багатай технолог бүхнийг дэмжинэ” гэдгээ онцлов.

Уул уурхайн сайд илтгэлийнхээ төгсгөлд Нүүрсний салбар нь Монгол улсын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай салбар бөгөөд, энэ агуулгаараа улсын эдийн хөгжилд стратегийн маш чухал ач холбогдолтой салбар болж байна. Иймээс энэ салбарыг хөгжүүлэхэд Шинэ шийдэл бүхнийг, тухайлбал шинэ техник, технологи, менежмент, маркетинг,хөрөнгө оруулалт зэргийг дэмжиж ажиллах болно гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top