Н.Төгсцогт Францын тамирчинд ялагдаж, баг нь шигшээд багтсангүй

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

Дэлхийд боксын цуврал /WSB/-ын хагас шигшээд учраа таарсан Азербайджаны “Баку Файрес”, Францын “Парис Юнайтед” хоёр өнгөрсөн баасан гарагт тоглолтоо хийжээ. Гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогтын хүчин зүтгэдэг “Баку Файрес” баг “Парис Юнайтед”-д 0:5-аар хожигдож шигшээд шалгарах боломжоо алдав. Н.Төгсцогт дэлхийн боксын цувралын тав дахь тоглолтоо Францын Нордин Оубалийн эсрэг хийж 46:49, 46:49, 47:48 гэсэн оноогоор ялагдав. “Баку Файрес” хэсгийн тоглолтод Азийн бүсийн нэгдүгээр байраар гарч ирсэн юм. Хагас шигшээгийн эхний тоглолтод Азербайджаны баг өрсөлдөгчөө 4:1-ээр ялсан билээ. Гэвч хоёр тоглолтын нийлбэрээр 6:4-өөр ялагдсанаар аваргын төлөө өрсөлдөх боломжоо алдав. Одоо Францын “Парис Юнайтед” баг тавдугаар сарын 6-7-нд Хятадын Гуянг хотод аваргын төлөө Казахын “Астана Арланс”, АНУ-ын “Лос Анжелос” багийн аль ялсантай нь тоглоно. Харин хувийн чансаагаар жин тус бүрийг тэргүүлсэн хоёр боксчин тавдугаар сарын 27-28-нд Лондоны олимпийн эрхийн төлөө тоглох болно. Дэлхийн боксын цувралд түрүүлсэн баг 500, хоёрт орсон баг 150, хагас шигшээд шалгарсан хоёр баг тус бүр 50 мянган ам.долларын шагнал хүртэнэ.

Эх сурвалж: Зууны мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top