Үнэт цаасны зах зээлд Монголын арилжааны банкууд оролцох уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 10

Манай улсад үнэт цаасны буюу хөрөнгийн зах зээл хөгжөөд 20 жил болж байна. Анх Монголд Өмч хувьчлалын комисс байгуулагдаж, улсын үйлдвэрийн газруудыг өмч хувьчлалын гэгдэх цэнхэр, ягаан тасалбараар "зарж" байсан тэр үеэс 20 жил өнгөрчээ. Гэвч түүнээс хойш манай улсын эдийн засгийн тавхан хувь л Хөрөнгийн зах зээлээс хамааралтай, энэ чиглэлийн зах зээл хөгжөөгүй ядмаг хэвээр байна.

Харин Монголчууд сүүлийн жилүүдэд баялгийнхаа үүцээ задалж, дэлхийд томд орох Тавантолгойн ордыг ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор хувьцаа гаргаж, түүнийгээ олон нийтэд эзэмшүүлэхээр болсон нь Монголд хөрөнгийн зах зээл хөгжих шинэ үедээ орж ирэх гэж байх шиг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед Хөрөнгийн зах зээлд хүн бүхэн л хошуурах болов.

Түүний нэг жишээ нь хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны нэг андрейтеррийг өмнө нь зөвхөн хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аж ахуйн нэгжүүд буюу брокер-диллерийн компаниуд хийдэг байсан бол одооноос арилжааны банкууд энэ үйл ажиллагаанд хүч түрэн орж ирж мэдэхээр болоод байгаа аж. Ингэснээр өмнө нь зөвхөн мөнгө, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байсан арилжааны банкууд үнэ цаасны зах зээлд орж ирэх нь.

Энэ нь Тавантолгой, Оюутолгой зэрэг зарим томоохон ордыг ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор тэдгээрийн болон бусад томоохон үйлдвэрүүдийн хувьцааг олон нийтэд гаргаж хувьчлах, арилжаалахтай холбоотойгоор үүнд арилжааны банкуудыг татан оролцуулж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилготой гэж төр, засгийн зүгээс тайлбарлаж байна.

Тодруулбал, арилжааны банкууд харилцагчид болон иргэдийн захиалгаар мөнгийг нь аваад хувьцааны арилжаанд оролцох, ийм эрхийг олгох, мөн харилцагчдаас зарим нь бондын зах зээл дээрээс мөнгө босгох, эсвэл хувьцаагаа анхлан гаргаж зарах ажиллагаанд орвол арилжааны банкууд "өмнөөс" нь оролцож харилцагчдаа мэддэгийн хувьд тэр бүхэнд нь арилжааны банкууд баталгаа гаргах юм уу зуучилж өгөх зэрэг үйл ажиллагаа эрхлэн явуулна гэсэн үг.

Ийм зөвшөөрлийг төр, засгаас өгөх юм байна. Харин дээрх үйл ажиллагааг явуулахад арилжааны банкуудад үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн, боловсон хүчин, жинхэнэ андрейтеррүүд байна уу гэдэг асуудал тавигдан гарч ирээд байгаа аж.

Нөгөө талаас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үүднээс арилжааны банкуудад үнэ цаасны зах зээлд ажиллагч брокер, диллерийн компаниудын эрхлэдэг андрейтерр хийх эрхийг хуулиар олгож буй дээрх үйл явцыг эсрэгээр үзэх явдал ч бас манайд гарч ирж байна.

Юу гэвэл арилжааны банкууд үнэ цаасны зах зээлийн үйл ажиллагаа эрхлэж эхэлвэл хөрөнгийн зах зээл, мөнгө санхүүгийн зах зээл холилдож ялгаа зааг байхгүй болно. Учраа олохгүй юм болох учир болохгүй, хөрөнгийн болон мөнгө санхүүгийн зах зээл болон үйл ажиллагаа хоорондоо хутгалдах бус тус тусдаа байх ёстой гэж байна.
“Бизнес таймс” сониноос. Zindaa .mn   


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top