"Мөнхийн баян гал” ХХК 17.7 тэрбум төгрөгийн татвар төлж, ТАЛАРХАЛ хүлээлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

Монгол Улс хөрсөн дороо ашигт малтмалын үүц их баялагтай ч, эдийн засгийг  бодитой, далайцтай тэлэхэд  дотоод, гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй. Тэрдундаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг улс орны эдийн засгийг төрөлжүүлэхэд буюу уул уурхайн салбараас хэт хамаарсан байдлыг бууруулахад чиглүүлэх ёстой талаар олон жил яригдсан.

Тэгвэл энэхүү хэрэгцээ шаардлагын үндсэн дээр Монгол, Хятад хоёр улсын яриа хэлэлцээнд тулгуурлан, хэрэгжиж буй  “Жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр"-ийн төслийг хэрэгжүүлэгч,  цемент үйлдвэрлэгч  "Мөнхийн Баян Гал" ХХК нь 2023 онд улс, орон нутгийн төсөвт 17,710,367,041 төгрөгийн татвар төлж, Монгол Улсын Татварын албанаас ТАЛАРХАЛ хүлээлээ. 

 

 

“Мөнхийн Баян Гал” ХХК-ийн цементийн үйлдвэр нь жилд 750 000 тонн чулуунцар, нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, Улаанбаатар хотоос 65 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг. Тус цементийн үйлдвэр нь улс орны байгалийн баялгийг аж үйлдвэрлэлд зохистойгоор ашиглаж, хуурай аргын шинэ технологиор цемент үйлдвэрлэн, Монгол Улсын зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тодорхой хувийг хангаж, улс орны бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. 

Цементийн үйлдвэр ашиглалтад орсноос хойш 180 гаруй хүнийг ажлын байраар хангаж улсын төсөвт өнөөг хүртэл нийт 18 сая ам доллар, жилд дунджаар 3.4 сая ам долларын татвар төлжээ. Цементийн үндсэн болон нэмэлт түүхий эдийн худалдан авалт жил ирэх тусам нэмэгдэж жилд дунджаар 41 сая ам долларын худалдан авалт хийж байна. Мөн жилдээ 1 сая орчим тонн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байна. 

 

 

Цемент бол барилгын салбарын үндсэн гол түүхий эд. Манай улсад цементийн үйлдвэрлэл хөгжиж байгаа ч барилгын салбарын болон бусад хүчин зүйлсээс хамаарч дотоодын эрэлтээ хангахгүй, нийлүүлэлт тасалдах нөхцөл байдал үе, үе үүсдэг. 

Тэгвэл  "Мөнхийн Баян Гал" ХХК-ийн үйл ажиллагааны үр дүнд цементийн үйлдвэрлэл шинэ шатанд гарч,  чанар,  хүртээмж нэмэгдэх боломж бүрдэж байна. 

Тус компани Монгол Улсад цементийн жишиг чанар түгээх хүрээнд  энэ 2024  оныг чанарын жил болгон зарлаж, албан ёсоор нээлт хийлээ. 

Тодотгоход, “Мөнхийн Баян Гал” ХХК нь 2007 онд байгуулагдсан бөгөөд 2009 оны зургаадугаар  сард БНХАУ-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Хө Гуо Чиан  тэргүүтэй өндөр дээд удирдлага Монгол Улсад айлчлахдаа Улаанбаатар хотод “Жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулах санамж бичиг”-т гарын үсэг зурж тус төслийг эхлүүлж байсан түүхтэй.

 

 

“Мөнхийн Баян Гал” ХХК-ийн хөрөнгө оруулагч болох БНХАУ-ын төрийн өмчит Барилгын Материал Групп компани нь дэлхийн ТОП-500 аж ахуй нэгжийн нэгд тооцогддог бөгөөд дарааллан 13 жил уг жагсаалтад багтсан. 2023 онд уг жагсаалтын 247 дугаарт жагссан. 2023 оны сүүлийн байдлаар хөрөнгийн хэмжээ 100 тэрбум ам доллар, нэг жилийн орлого 50 тэрбум, нийт 200 мянган ажилтантай. Цемент, бетон, гипсэн хавтан, шил, салхин сэнсний далбаа, цемент болон шилний инженерийн мэргэжлийн үйлчилгээ зэрэг 7 төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(59.153.115.249) 2024 оны 05 сарын 09

Огт дуулдаагүй ААНэгж байна. Гэнэт л татвар төллөө гээд гараад ирж байгаа нь ямар учиртай юм бэ? эрх баригчид аа???

0  |  0
Top