Чөлөөт бөх: М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар ОЛИМПОД өрсөлдөх эрхтэй боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 04 сарын 20

Бөхийн чөлөөт барилдааны олимпын эрх олгох Ази тивийн тэмцээн  Киргизстаны нийслэл Бишкек хотноо үргэлжилж байна.

Өчигдөр (2024.04.19) эрэгтэйчүүдээс манай дөрвөн тамирчин дэвжээнд гарснаас хоёр нь олимпын эрхээ авлаа.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 86 кгд барилдсан залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл, ААШТ-ий хүрэл медальт, Хил хамгаалах ерөнхий газар, "Хилчин" спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Бат-Эрдэнэ шөвгийн 4-т үлдэх хариуцлагатай барилдаанд Йорданы Эрзо Эсаковыг ялж, шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын бөх Лин Зу Шентэй өрсөлдөн, 1:1 буюу сүүлийн оноогоор ялж, Парисын олимпын эрх өвөртөллөө.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, Хил хамгаалах ерөнхий газар, "Хилчин" спорт хорооны бөх, Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл 125 кг-ын жинд эрхийн төлөөх гол барилдаанд тив, дэлхийн мөнгө, хүрэл медальт, БНХАУ-ын Дэн Жи Вэйтэй барилдаж, 2:0-ээр ялснаар олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа.

Өнөөдөр манай эмэгтэй дөрвөн тамирчин олимпын эрхийн төлөө өрсөлдөнө. 

53 кг: Б.Хулан

57 кг: Х.Болортуяа

62 кг: П.Орхон

76 кг: Э.Даваанасан

Эмэгтэй тамирчдын хувьд өнгөрсөн жил зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 50 кг-д Д.Отгонжаргал, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар тус тус мөнгөн медаль хүртэж, олимпын эрхээ баталгаажуулсан тул энэ удаагийн тэмцээнд үлдсэн дөрвөн жинд эрхийн төлөө өрсөлдөж байгаа юм.

 

Гэрэл зургийг Д. Нямбилэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top