PLAYTIME I Наадамд гадаад, дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид оролцоно

2024 оны 05 сарын 02

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Амьд хөгжмийн наадам” ТББ  хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг  долоодугаар сарын 4-өөс 7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна. Энэ жилийн наадамд 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгохоор төлөвлөж байна.

“Плэйтайм” наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог бөгөөд энэ удаад Налайх дүүрэгт байрлах шинэ талбайд зохион байгуулна. Энэ оны хувьд амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрт дэлхийд танигдсан олон хамтлаг, уран бүтээлчид оролцох бөгөөд 15 тайзнаа 250 гаруй хамтлаг, уран бүтээлчид бүтээлээ хүргэх юм.

“Earth. Music. Art. Love” уриан дор хөгжим, урлаг, соёлоор дамжуулан залуусыг эерэг хандлагад уриалдаг "Плэйтайм" наадам ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үзэгчдээ өөртөө, бусдад, мөн байгаль дэлхийдээ хайраа түгээхийг уриалдаг. Энэ хүрээнд наадам болох талбайд мод, ургамал тарьж ургуулан таримал ойг нэгээр нэмжээ.

"Плэйтайм" наадам нь зөвхөн хөгжим төдийгүй орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт фестиваль. Энэ хүрээнд эрүүл мэндийн мэдлэг олгох хөтөлбөр, хувь хүний хөгжлийг дэмжих төрөл бүрийн сонирхолтой яриа, хэлэлцүүлэг, стэнд-ап комедиа, хүүхдэд чиглэсэн хөтөлбөр, Монголын түүх, соёл урлагийг олон улсад таниулах үзэсгэлэн зэрэг урлагийн бүхий л төрлийг багтаасан олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг наадмын 4 өдрийн турш зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top