ОЛОН ӨНГӨ: Төгрөг ба шоколад

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 16

Цагаан сарын паян дуусаагүй, сар шинэ хараахан хуучраагүй байна. Урд хөршөөс оруулж ирдэг мөнгөний зурагтай шоколад байдаг даа. Нэг нөхөр тэр шоколадны цаас цасан дээр хэвтэж байхыг хараад мөнгө гэж бодсон уу, яасан машинаасаа харааж буугаад шүүрч авснаа “Энийгээ хогийн саванд хаяач” гэж бухимдангаа нийслэл хотын гудамжаа цэвэрлэхэд хувь нэмрээ оруулав. Хараа муутай хүн онигоо болохоо шахаж, бусдыгаа инээлгэж баясгасан ч “Төгрөг ба шоколад” нэг л гунигтай санагдав.

Саяхан даа, зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан нөгөө монгол төгрөгтэй шоколадны зургийг тавиад “Юуг ч зарж болно, юуг ч наймаалцаж болно. Гэхдээ наад хятадууд чинь арай л давраад байгаа юм биш үү. Төрийн мөнгөн тэмдэгтийг хүртэл цагаан сарынхаа панз наймаанд ашиглаад хэвлээд зарчихаж байна. Төрийн мөнгөн тэмдэгтээр ашиг хонжоо олж байгаа наад хужаа нараасаа татвар аваач. Эзэнтэй, төртэй улс юм бол иймэрхүү асуудал дээрээ жаахан уяа чангатай байгаач. Нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр монголчууд ч гэсэн ийм юм худалдаж аваад хүнд бэлэглэж, өөрсдийгөө даапаалж л байдаг. Авсан хүнд ямартай ч таатай санагдахгүй нь бүр ойлгомжтой. Хөхүүл эх байтугай хар дэлэн хавдаад амь тэмцэж байхыг харж байлаа. Яаж ч бодсон энэ бол авч байгаа хүнээ бодсон өглөг лав биш ээ. Ер нь юу хамаагүй шүүрч аваад юун дээр ч хамаагүй наагаад, зараад, хөлжөөд сууж байдаг өмнөдийн тэр наймаачдынхаа харилцаа холбоо, дүрж болох болохгүй юмныхаа заагт жаахан хяналт тавьмаар юм. Эзэн нь юм шиг л Монголын юм бүхнийг дураараа шүүрч авч арилжиж байна. Манай наймаачдад ч өөрсдийгөө, эх орноо, өөрийн үнэт зүйлсээ хайрлах, харамлах, хамгаалах сэтгэл гэж алга. Байгаа бүхнээ урагш нь гаргаж өнгийг нь хувиргаж авчраад л хэд нугалаад зарж байна. Олж л байвал юугаа ч өгөхөд бэлэн энэ муухай хандлага нь одоо бүр хэтэрлээ” хэмээн ихэд ундууцан бичсэн байсан нь санаанд зурсхийн орсон юм. 

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top