Эрдэнэцагааны тэнгэр дор...

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 11 сарын 26

Сүхбаатар аймаг дахь МЗЭ-ийн салбараас шилдэг шүлэг шалгаруулах “Дорнын хүлэг-2023” наадмаа зохион байгуулсан тухай “Эрдэнэцагааны тэнгэр дор “Дорнын хүлэг”-үүд уралдав” гэсэн сурвалжилга тэмдэглэлээ үргэлжлэл бий хэмээн төгсгөснөөс хойш хэсэг алгуурлажээ.Нэг мэдсэн уншсан, түүнээс дамжуулж сонссон хүмүүс“Үргэлжлэл нь хаана байна” хэмээн утас цохиж, сонины дугаар хайж редакцид ирсэн нь ч бий.

Нэг л зүйлд туйлын олзуурхаж байгаа минь Сүхбаатарт шинэ үеийн залуус яруу найргаар ид “өвчилж” уншиж, бичиж гарч ирцгээж байгаад баярласан.

Энэ наадам оролцогчдоос  гурван шүлэг ирүүлэх болзол тавьж, түүний нэг нь Эрдэнэцагаан нутгийн тухай сэдэвтэй байхаар заасанд нь мөн талархаж байлаа. Учир юун хэмээвээс Сүхбаатарын Эрдэнэцагаан сумын нутаг, малчдын бэлчээр уул уурхайн хөлд  талхлагдаж, нүдэн дээр сүйрч байгаа нь очсон, дайраад гарсан, үдлээд буцсан хэний ч сэтгэлийг эмзэглүүлнэ. Тэнд оршин амьдарч буй иргэдийн оршихуй, язгуур эрх ашиг зөрчигдөөд удаж байгаа ч ахиц дэвшил гарсан зүйл нэгээхэн ч алга.

Одоогоос 10-аад жилийн өмнө нутаг, бэлчээр сүйрлээ хэмээн сэрэмжлүүлж байсан нь харин ч биелж,  одоо төрөлх нутгийн хүүхдүүд хот, суурин газраас сум руугаа зорин очихдоо олохгүй төөрөх хүртэл тийм олон салаа зам  гарч, уул уурхайн баягийг зөөсөн том тэрэгний цуваа харанхуй манан хадаан урд хил, Бичигт боомтыг зорин газрын хөрсийг сэндийлж одно. Өмнөговийн Цагаан хад, тийш зүглэсэн замд осол аваар байнга гарч, сэтгэл шимшрүүлж байсантай адил хувь тохиол Сүхбаатарынханд, цаашлаад Эрдэнэцагааныханд нүүрлэчихэж. Өөрөөр хэлбэл, Эрдэнэцагаан сум хоёр дахь Цагаан хад болох дүр зураг харагдаж байгаа нь харуусалтай. Энэ ч үүднээс Эрдэнэцагаан нутгийнхаа сайхныг магтан дуулсан, цаашид ч тийм л сайхнаараа бүтэн байгаасай гэсэн дуу хоолой “Дорнын хүлэг-2023”-ийн тайзнаас сонсогдож байсан юм. Тухайлбал,

...Өтгөн шаргал зэрэглээ холдож ойртоод

Уянгатай тайвуун их тал

Өөдрөг сэтгэлтэй малчин түмэн налайгаад

Дөлгөөн тайван их тал...

Цэлгэр уудамд униар холдож ойртоод

Тэнгис далай их тал...

Зээрийн сүрэг тогтуун идээшлээд

Үлгэр амилсан их тал

Зэгс дэрс нь салхи жибүүрдэн найгах

Зэсэн өнгөт эгшиг яруу их тал

Тэртээд нисэх шувууд үдлэн буудаллах

Ялдам тансаг их тал

Зэндмэнэ эрдэнийн толгод нь

Хувьсаж ер өөрчлөгдөхгүй

Янзган хүрээтэй их тал... хэмээн талаа магтана. Тэгснээ уулсаа амьтай, амьд хэмээн дүрсэлсэн

...Зорголын нүд шиг талдаа

Зогсоогоороо мөнхөрсөн хүн уул

Зочид гийчид, ард олон нь

Зорьж залбирдаг хайрхан

Дорно Өрнийн ард түмэн

Домоглон шүтдэг хаан уул

Зовлон гамшгаа  авардаг

Зотол хан бурхан уул... хэмээн шүлэглэх жишээтэй. Цаашилбал:

...Зээрийн сүрэг давхисан

Тохойн голын хөндий

Хатагин гурван хошууны өлгий

Ханхайж нөмөрлөх Зотол ханы нутаг...

Үүр цүүрээр адуунд мордох аавын минь нутаг

Өглөө эртлэн дээжээ өргөх ээжийн минь нутаг...гэх юм уу, эсвэл

...Тулгын гурван чулуу шиг

Түшээд авах хайрхан уулс дунд

Уухайн дуу тасраагүй

Эрдэнэцагаан нутаг...

Тохойн голоос дотогшоо

Далайбулагаас дотогшоо

Уулын амнаас дотогшоо

Чоно голоос дотогшоо

Харах нүдний алсын бараа

Харц ардын нутгийн бараа

Эрхэлж өссөн нутаг минь

Ээлтэй энэ хувь заяагаа

Эрхэс тэнгэрийн дор

Эдэлж суугаа хувьтай улс бид...

Хутагт ламхайн үр сад

Хайрын диваажин Эрдэнэцагаан хэмээн шүлгээ дуудна. Энэ нутаг магадгүй дэлхийд ганцхан талын бугын эх орон. Энэ тухай

...Зоргол бугын урамдаантай

Зотол хан бидний нутаг

Ерхөг найгасан их тал

Егүзэр хутагт тодорсон нутаг... гэсэн мөрүүд сонсогдоно. Мөн

...Зоон дээр нь чоно, хүлэг хоёр зэрэгцэж төрдөг

Золбоот эрс нь хийморио даатгаж мөргөдөг

Их эрдэмтэн Гүнжийн Сүхбаатар

Их түүхээ мөшгиж өссөн

Эрдэмт хувилгаан Галсандаш

Энэ Монголдоо зогсоо төрсөн хэмээн найрагчид шүлгээ ээлжлэн дуудна. Уул ус, хүн ардынх нь тухай:

...Лхачинвандад ууланд нь наран хургаж намарждаг

Насан өндөр буурлууд нь насан мөнхөрч жаргадаг... хэмээн дуулна. Нутаг, газар орон хүний оюун санаа, ухамсар, хүртэхүй, сэрэхүйд ямраар буудаг тухай:

“Есөн сарын анир тогтуун цагаар

Ертөнц өөрөө хайрын үлгэр шиг санагддаг

Егүзэр хутагтын нутагт дөрөө мултлан буухад

Ерөөл буян мөн чанарын тухай бодогддог

Ламхайн үлдээсэн үнэн

Домог мэт сонсогддог

Лхачинвандад хайрхан нь

Хүслийн шилтгээн шиг харагддаг

Чоно голын ус нь

Бурхадын рашаан мэт амтагддаг” гэсэн гэгээн мөрүүдийг сонсоод баймаар.Эрдэнэцагааны тэнгэр дор яруу найрагчид чуулж, яруу үгсийг хэлэлцэж, энэ мэт гэрэлтэй сайхан  шүлгүүдээ дуудах нь ном ерөөл хурж, хийморийн сан тавихтай адил санагдаж байв.Үүнийг өгүүлэхийн учир нь “Ийм л сайхан нутгийг Эрдэнэцагаан гэдэг” хэмээн шүлэглэсэн “Бага” Амартайван буюу Баатарын Амартайван найрагчийн хэлснээр Эрдэнэцагаан нутгаа бүтэн байлгах, нутгийн иргэд эх нутагтаа амар тайван ажиллаж, амьдархуйн тухайтад билээ. Эрдэнэцагаан нутаг ямагт гэгээн, ариун байж, яруу сайхан бүхэн эгшиглэж байг ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top