Хятадын сарнаа явагч сарны дэлхий рүү хардаггүй тал дээр буулаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

 

“Хаш чандага” сарнаа явагчаас ирүүлсэн сарны ар талын анхны гэрэл зураг

Хятад улсын сарнаа явагч сарны ар тал буюу дэлхий рүү хардаггүй тал дээр амжилттай буужээ.

Хятадын сансрын үндэсний газар “Chang”e 4 /Хаш чандага/” нэртэй сарнаа явагчийг Пүрэв гарагт /2018.01.03/ Бээжингийн цагаар 10.26 цагт сарны хамгийн том, эртний тогоо болох Өмнөд Туйл-Эйткен хотгорт амжилттай буулгалаа гэж CCTV мэдээлэв.

Сарны ар тал нь сарны эргэлтээс хамааран Дэлхий рүү хэзээ ч хардаггүй. Хэдийгээр үүнийг “сарны харанхуй тал” гэдэг ч дэлхий рүү хардаг талын адил нарны гэрлийг хүлээн авдаг байна.

Хятадын сарны төсөл нь сансар судлалд шинэ хуудсыг нээж байгаа юм. Сарны ар талд радио долгион хүрдэггүй тул сарнаа явагчийг газраас шууд хянах боломжгүй. Үүнийг шийдэхийн тул Хятад улс сарнаа явагчаас дэлхий рүү мэдээлэл дамжуулах үүрэг бүхий хиймэл дагуулыг сарны тойрогт оруулсан билээ.

Сарнаа явагчийг Сычуан муж дахь Сичань хиймэл дагуул хөөргөх төвөөс 2018 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр хөөргөсөн бөгөөд энэ нь дөрвөн өдрийн дараа сарны тойрогт орсон байна.

Сарнаа явагч  анхны богино долгионы сар судлалын туршилт хийх, бага таталцлын хүчтэй  орчинд ургамал ургах эсэхийг ажиглах, сарны туйл дээр ус болон бусад нөөц байгаа эсэхийг тогтоох зэрэг хэд хэдэн даалгавар биелүүлэх юм. Үүний сацуу, нарны салхи, сарны гадаргуу хоёрын хооронд ямар нэгэн харилцан үйлчлэл байгаа эсэхийг судлах гэнэ.

“Хаш чандага-4” сарнаа явагч нь 1.5 метр урт, нэг метр өргөн, нэг метр өндөр бөгөөд нарны зайн хоёр хавтантай, зургаан дугуйтай аппарат юм.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

     

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top