Авлигатай тэмцэгчид Ц.Элбэгдоржийн эхнэрээр оролдов

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

 
Авлигатай тэмцэх газрынхан жилдээ нэг хийдэг том ажлаа нугалж аваад шоронд сууж буй даргаа эргэж тойрох мэтийн аар саар зүйлд цагаа зарцуулан эзэнгүй мал шиг бэлчдэг болжээ. Тэдний хийдэг гол ажил нь төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг авч нийтэд мэдээлэх төдийхөн болчихоод байгаа тул Монголдоо бараг хамгийн зав чөлөө ихтэй, өндөр цалинтай хүмүүс мэт харагддаг аж. Саяхан тэдний гаргасан мэдээллээр бол УИХ-ын гишүүдээс хамгийн их хөрөнгөтэй хүнээр С.Баярцогт, Л.Болд зэрэг цөөн хэдэн хүн тодорсон байна. Харин улс төрчдийн гэр бүлийнхний хувьд нэлээд их орлоготой нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Болормаа байлаа хэмээн хүмүүс шуугиж эхэлсэн. Хаана, юу хийгээд жилдээ 359 сая гаруй төгрөгийн орлого хуримтлуулдаг байна аа гээд өөнтөгч нэг нь ам хэлээ билүүдэж суутал АТГ-ын хашрууд “Уучлаарай, бид худал хэлчихсэн байна” гэх нь тэр. Хамгийн үнэнч, шударга, алдаа мадаггүй ажиллах үүрэгтэй хүмүүс ийнхүү Ерөнхийлөгчийнхөө эхнэр рүү мэдэн будилж дайрсныг эндүүрэл гэхэд нэн бэрх. Төрийн албанд данстай бүх хүнээс ганцхан тэргүүн хатагтайн орлогыг “онилж” будлиад байхдаа ч яахав. Тэд АТГ-ын даргыг нь шоронд оруулахад нөлөө үзүүлсэн хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж өширхөж байгаа царай нь юм болов уу даа. Тэргүүн хатагтай Болормаа ердөө л 35 сая гаруй төгрөгийн орлоготой гэж сүүлд нь авлигатай тэмцэгчид маань дахин мэдээлсэн байх юм. 
 Я.Ымербек.     Zindaa.mn  
                                                                      
                                                                                       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top