Говь-Алтайн зарим сум усны дутагдалд оржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 02

Энэ оныг МУ-ын засгийн газар, БОАЖЯ-наас "Усны жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “4 дэх засаг” сэтгүүлчдийн клубээс өдөр бүр усаа хайрлаж хамгаалж байхыг уриалав. Усны мэргэжилтнүүд Улаанбаатарт 2020 он гэхэд усны хомсдолд үүсэх аюултай гэсэн тооцоо судалгааг гаргажээ. Мөн Говь-Алтай аймгийн Алтай сумд их хэмжээгээр алт олборлосноос усны хомсдолд орж нэг айлын долоо хоногийн усны хэрэгцээ 25 литрээр хэмжигдэж байгаа гэнэ. Иймд тус клубын сэтгүүлчид бичиж нийтлэхээс гадна бодит ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Эхний ээлжинд энэ хавар Туул голын эрэг орчмоор залуучуудын амралтын хүрээлэн, мойл, чацаргана, модны төгөл байгуулах ажлыг хийхээр зэхэж байна. Энэ ажлын хүрээнд манай улсын нэртэй дуучид, нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид хамтран дуу хоолойгоо нэгтгэж "Цэнхэр алтаа хайрлая" уриан дор "Ус чандмань эрдэнэ" дуун цэнгүүнийг Монгол бөхийн өргөөнд пүрэв зохион байгуулах юм байна. Тоглолтын орлогоор Туул голын эрэгт дээр дурьдсан бүтээн байгуулалтыг хийх гэнэ. "Ус чандмань эрдэнэ" тоглолтын тасалбарыг худалдан авсан иргэдийн нэр жимсний төгөлийн хүндэтгэлийн хананд бичигдэх аж. Тоглолтыг БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Усны газар'', Байгаль орчинд залуучуудын оролцоо ТББ, Монголын Эко зохистой хөгжлийн холбоо төрийн бус байгууллага, Нийслэлийн Улаанбаатар чуулга, “4 дэх засаг” сэтгүүлчдийн клуб хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top