ШЕЗ: Сахилгын хорооны гишүүний сонгон шалгаруулалт үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 77, 95 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан.

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 6 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг www.parliament.mn цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатын хүрээнд зохион байгуулж саналаа танилцуулж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад 3 хүн нэрээ татсан бол 1 хүний төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 1 хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад 1 хүн нэрээ татсан тул 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцууллаа.

Сонгон шалгаруулалтын Ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 19-нд хуралдаж Монгол Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулж, Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг танилцуулж байна.

  1. Н.Отгончимэг
  2. Н.Баасанжав
  3. Д.Эрдэнэчимэг   
  4. Д.Зүмбэрэллхам
  5. Н.Мөнгөнцэцэг   
  6. Р.Онончимэг       
    Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг танилцуулж байна.
  1. Ц.Давхарбаяр
  2. Д.Ариунтуяа
  3. Д.Мягмарцэрэн
  4. Х.Хашбаатар
  5. Д.Эрдэнэчулуун  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top