Ц.ТӨМӨР-ОЧИР: Ковидын эмчилгээг ар гэрт нь дарамт үүсгэхгүйгээр хийж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

Улсын эмнэлгүүд цар тахлын үед эрвийх дэрвийхээрээ ажиллаж, ковидтой иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа билээ. Улсын III төв эмнэлэг энэ үед хэрхэн ажиллаж байгаа талаар болон ололт амжилт, асуудал бэрхшээлийн талаар тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очиртой ярилцлаа.


-Цар тахлын үед улсын эмнэлгүүд нэмэлт ор дэлгэж  улаан бүс болж ковидтой иргэдээ эмчилж байгаа. Эрүүл мэндийн салбарын шандсыг сорьсон энэ үеүдэд танай эмнэлэг хэрхэн ажиллаж байна вэ?

-Манай эмнэлэг 454 ортой. Өнөөдрийн байдлаар үүнээс 100-120 ор дэлгэж ковидтой иргэдээ хэвтүүлэн эмчилж тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дөрөвдүгээр сараас хойш 1800 ковидтой хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлэг гэдэг утгаараа бүх л дүүрэг, орон нутгийн иргэд ирж үйлчлүүлдэг. Манай эмнэлэгт ковидоор өвчилсөн хүнд болон нэн хүнд хүнийг хүлээн авч эмчилж байгаа. Эрчимт эмчилгээний тасаг нь 20 ортой. Эмч сувилагчид ачаалалтай ажиллаж байна шүү. 

-Улсын III төв эмнэлэг бол үндэсний хэмжээний том эмнэлэг бөгөөд зүрх, судас, мэдрэл талдаа тэргүүлэх эмнэлэг шүү дээ. Цар тахлын улмаас үндсэн тусламж үйлчилгээний ачаалал хэр их нэмэгдэж  байна вэ?

-Зүрх судас, мэдрэлээс гадна чих, хамар, хоолой гээд нарийн мэргэжлийн эмч нарт маш их хүн хандаж байгаа. Цар тахлаас хойш ялангуяа долоодугаар сараас хойш үндсэн тусламж үйлчилгээний ачаалал нэмэгдсэн. Амбулатори өдөрт  900-1000 хүнд үйлчилж байгаагийн 20 гаруй хувь нь хөдөө орон нутгаас ирж байна. Ковидоос өмнө  амбулаторит өдөртөө 650-750 орчим хүн үйлчлүүлдэг байсан. Мэс заслын ачаалал маш их нэмэгдсэн. Улсын хэмжээнд зүрх судасны нээлттэй хагалгаа зөвхөн III эмнэлэгт хийгддэг. Тархи, нуруу нугасны хагалгаа мөн ачаалалтай байна. Ковидтой холбоотойгоор ковидын дараах мэдрэл, зүрх судасны өвчлөл, уушгины хүнд хатгаа, нэн хүнд хатгаатай хүмүүс их ирж  байна. Манайд ковидын нөхөн сэргээх эмчилгээг тусгаарлалтын болон сэхээний тасагтаа ч хийгээд л явж байгаа.

-Танай эмнэлэг хэдэн эмч сувилагч, ажилтантай вэ. Үүнээс хэдэн хувь нь ковидтой тэмцэн ажиллаж байна вэ. Эмч нарын сэтгэл зүй ямар байна вэ, шантрах, ажлаасаа гарах үзэгдэл гарч байна уу?

-Манай эмнэлгийн үндсэн ажилтан нийтдээ 770 гаруй байдаг. Дээр нь 200-аад резидент эмч нарын шинэ элсэлт авч ковидтой тэмцэж байна. Ковидын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа зургаан сарын хугацаанд шантрах үзэгдэл байлгүй л яах вэ. Сувилагч, үйлчилгээний ажилтнуудын дунд ажлаас халшрах хам шинж ажиглагдаж байгаа. Эмч нарын хувьд ажлаас гараад байгаа зүйл харьцангуй гайгүй.

-Танай эмнэлгийн боловсон хүчний хэдэн хувь нь залуу боловсон хүчин байна вэ?

-Хүний нөөцийн бодлого бол залгамж халааны чухал асуудал. Мэргэжил дээшлүүлэх сургалт, сургуульд аль болох олноор нь явуулахыг эрмэлздэг. Үнэхээр ямар ч эмч шууд эмчийн диплом гардаад мундагуудтай эн зэрэгцэнэ гэж байхгүй. Иймд дор бүрнээ хичээн суралцах ёстой. Эмнэлгийн удирдлагын зүгээс зүрх, тархины мэс засал гэлтгүй бусад тасаг нэгжүүдэд залгамж халааг бодлогоор бэлтгэж эхэлсэн. Шинэ залуу эмч нарыг бэлтгэх, цус сэлбэх үйл ажиллагааг сүүлийн долоон жилийн хугацаанд маш эрчимтэй хийсэн. Энэ дагуу хүний нөөцийн сонгон шалгаруулалт нээлттэй зарладаг. Шат шатны шалгалт авч, шигшигдсэн мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулж, үүрэгжүүлж байгаа. Улсын III төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн 80 гаруй хувь нь таваас дээш жил ажилласан залуу боловсон хүчин байна. Ер нь залуучуудыг улам чадавхжуулах, лавлагаа, зэрэглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжил аргазүйн чадамжийг сайжруулах нь үл тасрах бодлого байх учиртай.

-Эмч, сувилагчдадаа цалин мөнгөний хэдэн хувийн нэмэгдэл олгож байгаа вэ?

-Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, гүйцэтгэлээрээ санхүүжих төслийн хүрээнд манай эмнэлэг өнгөрсөн долоодугаар сараас үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг олгож байна. Засгийн газраас эмч нарын цалинг ирэх оноос нэмнэ гэсэн. Эмч нар маань улаан бүсэд 10 хоног ажиллаад, гурав хоног ажиглалт хийгээд долоо хоног амарч байгаа. Улаан бүсэд ажилласан цагийн хөлсийг гурав дахин нэмж олгож байна. Мөн улаан бүсэд ажилласан 10 хоногийн үндсэн цалинг 50 хувиар нэмж байна. Ковидын сэхээнд дөрвөн эмч, 10 сувилагч, хоёр үйлчлэгчтэй ажилладаг. Ирэх сараас Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ шиг цагийн хуваарийг хэвийн горимд хэсэгчлэн шилжүүлнэ гэж төлөвлөж байна.

-Улаан бүсэд эмчлүүлж буй иргэдэд ковидын эмчилгээний багц гаргасан байдаг шүү дээ. Энэ нь янз бүрээр яригддаг. Тэр талаар мэдээлэл хүргэнэ үү. Мөн ковидын эмчилгээний эм тариа, хэрэгсэл хэр хүртээмжтэй байна вэ, хил хаагдаж бүхий л салбарт тодорхой хэмжээгээр хомсдол үүсээд байна шүү дээ?

-Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар ковидын эмчилгээний тариф нэмсэн. Маш хүнд өвчтөнд 7,2 сая төгрөг, хүнд өвчтөнд 4.2 сая төгрөг, хүндэвтэр хүнд 2.1 сая төгрөг, хөнгөн өвчтөнд 980 мянган төгрөгийг санхүүжүүлж байгаа.

Ковидын эмчилгээний тариф нэмсэн нь ковидын эмчилгээ, тусламжийн санхүүжилт нэмэгдсэн. Тиймээс эм тарианы тасалдал үүсээгүй. Хувийн эмнэлгүүд вирусний эсрэг эмийг иргэдээс гаргадаг бол манайд эмнэлгээсээ бүх зүйлийг гаргаж байгаа. Энэ нь ар гэрт нь эдийн засгийн дарамт үүсэхгүй амар байгаа гэж хэлж болно. Хил саатсанаас хойш өдөр тутмын тусламж үйлчилгээний эмнэлгийн хэрэгсэл тасраад эхэлсэн. Жишээ нь, тариур, амьсгалын аппаратны гуурс, зүрхний бичлэг, эхо шинжилгээ хийхэд хэрэглэдэг гель зэрэг хэрэгслийг нийлүүлдэг ханган нийлүүлэгчид хил хаалттай учраас ямар ч арга байхгүй гэж байна. Эрээн хаагдахаас ч өмнө Япон болон Европын орнуудаас ирдэг эм, эмнэлгийн хэрэгслүүд 14-21 хоног хүлээгдэх асуудал мэр сэр гарч байсан.

-Эмч, ажилчдын халдвар авах эрсдэл хэр байна вэ?

-Вакцины хоёрдугаар давлагааны үед буюу хавар эмч, ажилчид халдвар авах эрсдэл нэмэгдсэн. Судалгаа хийгээд үзэхэд долоодугаар сараас хойш халдвар авах тохиолдол эрс ихэссэн. Хүмүүс хөдөө, гадаа явах зэргээр хөдөлгөөнд ороод нийгмийн харилцаанд орох явцдаа илүүтэй халдвар авсан байдаг.

-Ковидын үед эмч нарынхаа ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг хэрхэн явуулж байна вэ?

-Ковидтой нөхцөлд хэдийгээр байгаа ч гэсэн эмч нарыг сургах сургалт, мэдээллийн үйл ажиллагаа цахимаар тасралтгүй явагдаж ирсэн. Улсын онцгой комиссын зөвшөөрлөөр зарим сургалтаа танхимаар явуулж эхэлсэн. Ялангуяа улаан бүсэд 10 хоног ажиллах эмчийн багийг гурав хоног сургадаг. Сэхээний тасагт нэг өөр сургалт, эмч нарт тусдаа сургалт, ерөнхий сургалт гээд чиглэлээрээ өөр өөр байдаг. Орон нутагт очиж сургалт хийх ч тохиолдол байдаг. Манайх найман аймаг, хоёр дүүрэгт ковидтой холбоотой сургалт явуулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг.

-Ковидоор халдварласан хүмүүсээс ямар төрлийн суурь өвчтэй хүмүүст илүү хүнд тусаж байна вэ?

-Ковидоор өвчлөгсдийн 45-60, 65-аас дээш насныхан хүнд болон нэн хүнд байх тохиолдол элбэг байна. Уушгины хатгалгаа, зүрх судасны архаг хууч өвчин, цусны даралт ихсэх, чихрийн шижин, бөөрний архаг дутагдалтай, таргалалттай хүмүүсийн бие хүндэрч байгаа. Үүнээс үүдэж манай эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээний ачаалал нэмэгдэж байна гэхэд болно.

-Улсын III төв эмнэлэгт улсдаа мэс заслаараа тэргүүний эмнэлэг гэдгээр нь хүмүүс андахгүй. Сүүлийн үед дэвшилтэт технологийг нэвтрүүлж олон төрлийн мэс ажилбарыг хийж байгаа шүү дээ?

-Цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдал нь монгол эмч нарт боломж, чадвар бий гэдгийг харуулж байна л даа. Хил хаагдсантай холбогдуулж Хятад, ОХУ-ын эмч нартай цахимаар харьцаж, заавар зөвлөгөө авч шууд мэс засал хийж байна. Энэ нь Монголд эмчлэх боломжгүй байсан зүрхний том судасны гажиг, зүрхний гол судасны бөглөрөл зэрэг олон төрлөөр мэс засал амжилттай хийсэн. Манай эмнэлэг жилдээ 10-аас доошгүй шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлдэг. Тиймдээ ч сүүлийн гурваас дөрвөн жилд эрүүл мэндийн салбарын шинэ технологийг нэвтрүүлэгч байгууллагаар тогтмол шалгарч ирсэн. Энэ бүхний цаана төр засгийн дэмжлэг бий. Манай эмнэлэгт зүрх судас, тархины мэс засал, зүрх, мэдрэл, чих, хамар, хоолой, дүрс оношилгоо, мэс засал зэрэг чиглэлд эмчилгээ оношилгооны олон арга технологи нэвтрүүлсэн. Хилийн чинадад эмчилгээ, оношилгоо хийлгэх зайлшгүй шаардлагатай 39 өвчний жагсаалт байсныг Улсын III төв эмнэлэг сүүлийн жилүүдэд нөр их хөдөлмөрлөж, шинэ технологи нэвтрүүлсний үр дүнд гурван өвчнийг нь энэ жагсаалтаас хасуулж чадлаа.  Тархины харвалт, цүлхэн, судасны эмгэг, хавдарт хагалгаа хийж байгаа нь маш том ололт. Мөн судсаар зүрхний хэм алдагдах өвчлөлийг эмчилж байна. Зөвхөн 2017 онд гэхэд гуравдугаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд 27 шинэ арга технологи нэвтэрсэн байна шүү дээ.

Засгийн газраас Азийн хөгжлийн банкнаас  өнгөрсөн хугацаанд манай эмнэлгийн тархи, мэдрэлийн мэс засалд өмнө нь байгаагүй хөрөнгө оруулалт буюу нийдээ 20 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. АНУ, ХБНГУ, зүүн өмнөд Азийн орнуудын эмнэлэгт ашиглаж буй багажийг манай эмнэлэгт хэрэглэж байна.

-Гадаадад өндөр үнээр эмчилдэг эмчилгээг эх орондоо хийж байгаа нь ард иргэдэд эдийн засгийн дарамтаас хөнгөлж байгаа гэж ойлгож болох уу?

-Өртөг зардлын тухайд судсан дотуурх тархины судасны хагалгаа нь гадаадад дунджаар 100 мянган ам.долларын өртөгтэй байдаг. Тэгэхэд Монголдоо өвчтөнүүд маань 10-20 сая төгрөг төлөөд л хийлгэж байгаа. Зүрхний хэм алдагдлын эмчилгээг зүүн өмнөд Азийн орнууд 20-40 мянган ам.долларын төлбөртэй хийдэг. Харин манайд бол 2-3 сая төгрөг л төлнө. Маш том эдийн засгийн хэмнэлт шүү дээ.

-Иргэдийн зүгээс улсын эмнэлгийн ачаалал, дараалал их байдгийг шүүмжилдэг шүү дээ. Энэ ачааллыг хэрхэн хуваарилж үйлчилгээний системдээ өөрчлөлт оруулж байна вэ?

-Манайд кабинетуудын тоогоо үе шаттайгаар нэмж байгаа. Үйлчилгээний ачааллыг бууруулахад бүх үйлчилгээг цахимжуулж байна. Тухайлбал, тархины харвалт, зүрхний шигдээс зэрэг төрөлжсөн мэргэжлийн найман эмчтэй утсаар холбогдож зөвлөгөө авах боломжийг бий болгосон. Хэвтэн эмчлүүлэх 13А маягтыг цахим болголоо, онлайнаар цаг авдаг боллоо. Гэвч манайхан цахим үйлчилгээнд нэг л хэвшихгүй байна. Нэг өглөө сэрэхэд л толгой нь өвдөөд ирвэл шууд эмнэлэгт ханддаг хүмүүс шүү дээ. Дээрх үйлчилгээг 24 цагийн турш цахимаар холбогдож 21 аймаг, есөн дүүргээс авч болно.

Манай эмнэлэгт зүрхний хэм алдагдах өвчлөл гэхэд арванхоёрдугаар сар хүртэл дараалалтай байна. Гэвч, иргэд цахимаар авсан цагтаа ирж үйлчлүүлдэггүй тохиолдол байдаг. Гадаад оронд 10-аас дээш жил ажилласан эмч нарт үзүүлэхийн тулд гурван сарын өмнө цаг авдаг байхгүй юу. Иргэд маань эрүүл мэнддээ анхаарч урьдчилсан сэргийлэх үзлэгт хандаж байхыг зөвлөж байна. Өвдөөд ирдэг уламжлалт сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Цусны даралт ихсэх өвчнөөр манай улс Ази, Номхон далайн баруун бүсийн 27 орноос нэгдүгээрт бичигддэг. Энэ өвчин хэдий чинээ тухайн улсын хүн амын тэргүүлэх өвчин байна, төдий чинээ харвалт, шигдээсийн өвчлөл их байдаг. Цусны даралт өвчин хүндрээд тархины харвалт, зүрхний шигдээс тусч байна гэсэн үг. Харамсалтай нь, энэ өвчлөл сүүлийн үед их залуужиж байгаа нь харамсалтай.

-Улсын төв III эмнэлгийн барилгын насжилт болон элэгдлийн хувьд хэр байна вэ, хамгийн сүүлд хэзээ засвар үйлчилгээ хийж сэргээн тохижуулсан бэ?

-Манай эмнэлэг 60 гаруй жилийн насжилттай. Улаанбаатар хотын хүн ам 500-600 мянга байхад төлөвлөгдсөн барилга шүү дээ. Цаашид өргөтгөл хийх шаардлагатай. Өргөтгөлөө 2012 онд хийсэн ч амбулаторийн өргөтгөлийг зайлшгүй хийх шаардлагатай байгаа. Урсгал засварыг ковидын өмнө хийж нэг цэгийн үйлчилгээг тохижуулсан. Хэсэгчилсэн засварыг үе шаттай хийж ирсэн.

Зүрх судасны өвчлөлөөрөө өндөр байна. Ковидоос илүү энэ төрлийн өвчлөлөөр хүн нас барж байдаг. Тиймдээ ч  Зүрх судасны үндэсний төвийг барих шаардлагатай байна. Тус барилгын зураг төслийг Люксенбургийн буцалтгүй тусламжийн хүрээнд хийж өгсөн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ төвийг бүтээн байгуулах ажил тусгасан тул удахгүй баригдах байх.

-Та энэ салбартаа хэдэн жил ажиллаж байна вэ. Эмнэлгийнхээ булан тохой бүрийг андахгүй мэдэх хүн л эмнэлгийнхээ бэрхшээлийг мэднэ шүү дээ?

-Миний эмчийн мэргэжил эзэмшсэнээс хойшхи цаг хугацаа бүхэлдээ Улсын III төв эмнэлэгтэй холбоотой. Уушгины тасагт олон жил их эмчээр ажиллаад, дараа нь тасгийн эрхлэгчээр 10 гаруй жил ажилласан. 2012 оноос эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, 2013 оноос эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад сонгон шалгаруулалтад орж, 2014 оноос хойш эмнэлгээ удирдаж байна. Энэ хугацаанд эмнэлгийнхээ хаа ямар газарт юу хэрэгтэй байгааг андахгүй мэддэг болсон.

Бүх л зүйлийг санаснаар бүтээе, шинэчлэе гэх нь ээ эдийн засгийн хязгаарлагдмал орчинд батлагдсан төсвийнхөө хүрээнд л ажилладаг. Тухайн жилдээ 10 чиглэлд их засвар хийнэ гээд төсөл өгөхөд 1-2 нь л батлагддаг байхгүй юу. Өнгөрсөн оноос эхлээд эмнэлгийн бие даасан байдлаа бэхжүүлэх төслийн хүрээнд гүйцэтгэлээрээ санхүүжиж байгаа нь олзуурхууштай. Ковидтой холбогдуулж их засвар үйлчилгээ гэхээсээ илүү хүний эрүүл мэндэд анхаарч ажиллаж байна.

-Улсын эмнэлгийн дарга даамлууд хувьдаа эмнэлэг байгуулж ажиллах нь ёс зүйн хувьд хэр зохистой гэж боддог вэ, танд  хувийн эмнэлэг бий юу?

-Байхгүй. Ковидын үед хүмүүсийн зүгээс уушгины төрөлжсөн эмнэлэг байгуулаач гэсэн санал надад их л ирдэг. Миний хувьд улсдаа зүтгээд ирсэн учраас хэзээ ч хувийн эмнэлэг байгуулъя гэж бодож байгаагүй. Улсын эмнэлгийн удирдах албаны хүн хувьдаа эмнэлэг байгуулаад явахыг нэг их таашаадаггүй. Хүний эрүүл мэндийн төлөө гэдэг утгаараа зөв боловч ёс зүйн хувьд нийцэмгүй. Мэргэжлийнхээ давуу талыг ашиглаж хүн зоны эрүүл мэнд сайн сайхны төлөө хувийн эмнэлэгтэй байж болох ч зарчмаа бариад улсын ажлыг цалгардуулахгүй, улсын хөрөнгө шамшигдуулахгүй байх нь хамгийн чухал.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.75.128) 2021 оны 10 сарын 29

Ажилд нь амжилт хүсье. Ёс зүй сайтай эрхэм хүн .

1  |  0
Top