Каддафийг хөнөөснөөс хойш 10 жилийн дараа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 21

Ливийн удирдагч Муаммар Каддафийн амийг хөнөөснөөс хойш 10 жилийн дараа түүнийг үхэхээс өмнө хэдхэн цагийн өмнө хийсэн дүрс бичлэгийг олон нийтэд ил болгожээ. “Al-Hadath” сувгийн мэдээлснээр, дүрс бичлэгийг 2011 оны аравдугаар сарын 20-нд Каддафийн төрсөн хот Сиртэд хийжээ.

Дуу, дүрсний чанар муутай бичлэгт Каддафийн гэх дуу хоолой Ливид болж буй үйл явдлын талаар ярьдаг байна. Тэрээр “Арабизм, ислам, зарчим, үнэт зүйлс, шударга ёсны төлөө амиа өгөхөд бэлэн” гээд Ливийн нийслэл Триполи хот урвалтын улмаас НАТО-ийн хүчнүүд болон исламын алан хядагчдын бүлэглэлийн гарт орсон гэж ярьжээ. Каддафи мөн эхнэр Сафиа, охин Аишад хандан аз жаргал хүсэж, итгэл үнэмшилтэйгээ, эрэлхэгээр үхлээ хүлээн авч, дэлхий нийтийн өмнө улс орноороо бахархаж байна гэжээ.

Муаммар Каддафи 2011 оны аравдугаар сарын 20-нд төрсөн Сирт хотын төлөөх сүүлчийн тулааны үеэр хөнөөгдсөн билээ. Каддафи, үнэнч нөхдийн хамтаар босогчдод бүслэгдэж, баригдсан. Хэдэн цагийн турш босогчид түүнийг тамалж, доромжилсны эцэст цогцсыг нь Мисуратын худалдааны төвд олон нийтэд үзүүлж байсан юм. Түүнийг хэн, яг хэзээ хөнөөсөн нь өнөө хэр тодорхойгүй.

2011 оны аравдугаар сарын 25-нд Муаммар Каддафийг хүү Муатассим, батлан хамгаалахын сайд Абу Бакр Юнистай хамт Ливийн цөлд нууцаар оршуулжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, тэднийг оршуулахад найман хүн байлцсан гэдэг. Хэдэн жилийн дараа тэднийг Мисуратын өмнөд хэсэгт оршуулсан гэсэн мэдээлэл гарч байсан.

Арван жилийн өмнө Сирт хотын төлөөлөгчид Мисуратад хандан Муаммар Каддафийн цогцсыг өгөх хүсэлт тавьж байсан ч талууд тохиролцож чадаагүй. Учир нь дэглэмийн эсрэг тэмцэгчдийн цогцсоор солих болзлыг Мисурат тавьсан байна. Энэ оны есдүгээр сард Мисуратын төлөөлөл, аль-каддафа мөн аль-мужабар омгийн ахлагчидтай тохиролцоонд хүрч, Ливийн удирдагч агсан болон бусад хоёр цогцсыг шилжүүлсэн гэсэн мэдээлэл гарч байсан юм.

Муаммар Каддафи Ливийг 42 жилийн турш удирджээ. Түүний амийг хөнөөсний дараа Ливи улс хямрал орж, өнөө хэр зэвсэгт бүлэглэлүүд өөр хоорондоо байлдсан хэвээр. Тус улсын хүн амын ихэнх хэсэг ядуурлын доод түвшинд амьдарч байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mono(66.181.161.19) 2021 оны 10 сарын 21

Тэнэгүүд

0  |  0
Top