Москвад Афганистаны нөхцөл байдлыг хэлэлцлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 21

Афганистан улсад үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх шаардлагатай гэж Афганистаны асуудлаар болсон Москвагийн уулзалт дүгнэжээ.

Лхагва гарагт /2021.10.20/ Москва хотноо болсон уулзалтад ОХУ, БНХАУ, Пакистан, Иран, Энэтхэг, Казахстан, Киргиз, Тажикстан, Туркмен, Узбекистан болон Афганистаны түр засгийн газрын төлөөлөгчид оролцлоо. Уулзалтын дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлд талууд Афганистаны удирдлагуудад хандан бүх талын оролцоог хангасан засгийн газар байгуулах тал дээр нэмэлт арга хэмжээ авч, хөрш зэргэлдээх орнуудынхаа талаар найрсаг бодлого баримтлахыг уриалсан байна.

Оролцогчид тус улсад нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрч буйд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, НҮБ-ын ивээл дор олон улсын доноруудын бага хурал зохион байгуулахыг уриалжээ. Ингэхдээ Афганистаны сэргээн босголтод сүүлийн 20 жилд тус улсад цэргээ оруулсан улс орнууд гол ачааг үүрэг ёстой гэж үзжээ.

Тус уулзалтад оролцсон Афганистаны түр засгийн газрын тэргүүний орлогч Абдул Салам Ханафи хэрэв Афганистаны шинэ засгийн газар хүлээн зөвшөөрөгдөж, дэмжлэг авч чадахгүй бол тус улсын аюулгүй байдалд заналхийлж буй бүлэглэлүүд нөлөөгөө улам бүр бэхжүүлнэ гэж онцолжээ.

Москвагийн уулзалтад оролцогчид Афганистаны эрх баригчдад хандан тогтвортой энх тайван, аюулгүй байдал, найдвартай байдал, урт хугацааны хөгжил, цэцэглэлт, үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах зэрэг нэгдсэн зорилгод хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргахыг уриалж, Афганистанд олон улсад хориглосон террорист бүлэглэлүүд идэвхжиж буйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Үүний хариуд Ханафи Афганистаны шинэ засгийн газар улсынхаа болон ард иргэд, хөрш зэргэлдээх улс орнууд, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах тал дээр бүхий л арга хэмжээ авч байна гээд “Талибан” хөдөлгөөн шинэ засгийн газар болон тус улсад болон улсын хил дээр болж буй бүхий л үйл явдлын төлөө бүрэн хариуцлага хүлээж байна гэж мэдэгдэв.

Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ОХУ ойрын үед Афганистаны ард түмэнд хүмүүнлэгийн ээлжит тусламжийг илгээх болно гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sassa(202.21.108.34) 2021 оны 10 сарын 22

xaxaxaxa

0  |  0
Top