Баавгайтай тулалдаж, шархадсан боксчны зардлыг AIBA төлнө

2021 оны 10 сарын 21

ОХУ-ын боксчин Илья Медведев зэрлэг баавгайтай “тулалдаж”, хүнд шархадсан байна.

Энэ сарын 19-нд Илья хоёр найзынхаа хамт загасанд явжээ. Иртыш голын ойролцоо тэдэн рүү баавгай дайрч, нэгийг нь барьж, ноцсон байна. Боксчин баавгайд даруулсан ч тэмцсээр хутгалан, алж чаджээ. Харин нэг нөхөр нь амиа алдаж, Илья одоо сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.

23 настай Илья Медведев спортын мастер цолтой. 2019 оны долоодугаар сард ОХУ-ын Зэвсэгт хүчний АШТ-д 64 кг-ын жинд түрүүлсэн.

Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) ерөнхийлөгч Умар Кремлёв “Илья Медведевийн эмчилгээний зардлыг AIBA бүрэн хариуцна. Бид гэрбүлтэй нь холбоо барьж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ хэлсэн. Илья хүнд нөхцөлд жинхэнэ боксчин хүний авхаалж самбаа, эрэлхэг зоригийг харуулж чадсан” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top