II Елизабет “Оны хөгшин” шагналаас татгалзжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 21

Энэ оны дөрөвдүгээр сард 95 насны сүүдэр зооглосон Их Британийн хатан хаан II Элизабет “Оны Хөгшин” / The Oldie of the Year / шагнал гардахаас татгалзжээ. Энэ тухай тус шагналын комиссын тэргүүн Жайлс Брандерс бичсэн байна.

29 жилийн турш олгож бус энэхүү нэр хүндтэй шагналын зохион байгуулагчид Букинхэмийн ордонд хандаж, коронавирусний цар тахлын үед хатан хааны гүйцэтгэсэн тэргүүлэх үүргийг үнэлэх санал тавьсан ч ордны зүгээс эелдгээр татгалзсан хариу өгчээ. “Эрхэм дээдэс, хүн хэдэн настай гэж өөрийгөө бодно, төдий настай байдаг гэж үздэг. Хатан хаан энэхүү шагналыг авах шалгуурт тэнцэнэ гэж үзэхгүй байгаа бөгөөд илүү тохиромжтой нэр дэвшигч олно гэдэгт найдаж буйгаа илэрхийлж байна” гэж хатан хааны хувийн нарийн бичгийн даргын туслах Том Лэнг-Бейкерийн гарын үсэг бүхий хариу захидлыг нийтэлжээ.

“Оны хөгшин” шагналыг хатан хааны эх Элизабет Боуз-Лайон (1900-2002), алдарт зураач Дэвид Хокни болон Оскарын шагналын эзэд, Нобелийн шагналтнууд хүртэж байжээ.  2011 онд хатан хааны нөхөр Эдинбургийн гүн Филип “Оны хөшин”-өөр тодорч байв. Тэрбээр энэ шагналыг олгох саналын хариуд “Он жилүүд явж буйг, тэр тусмаа энэ үйл явц улам бүр хурдсаж буйг сануулахаас өөр юу ч сэтгэл санааг өөдрөг болгодоггүй. Чамайг санан, дурсаж байгаа нь таатай байна” хэмээн хошигнож байжээ.

Их Британийн хатан хаан II Элизабет 25 насандаа хаан ширээнд суужээ. 2015 оны есдүгээр сард II Элизабет хатан хаан Викториагийн хаан ширээнд хамгийн удаан хугацаанд суусан хатан хааны дээд амжилтыг эвдсэн бол 2016 оны аравдугаар сарын 13-нд Таиландын хаан IX Рама таалал төгссөний дараа тэрээр улс орныг тэргүүлж буй дэлхийн хамгийн өндөр настай хатан хаан/хаан болсон юм. Гэхдээ тэрбээр Францын хаан XIV Луи  (1638-1415)-ийн 72 жил, 110 хоног буюу хамгийн удаан хугацаанд улс орноо удирдсан дээд амжилтыг хараахан эвдэж чадаагүй байна. 2017 оны хоёрдугаар сарын 6-нд II Элизабет хаан ширээнд суусны 65 жилийн ойг тэмдэглэсэн анхны Их Британийн хатан хаан/хаан болсон юм. 2022 оны зургаадугаар сарын 2-нд тохиох “цагаан алтан” буюу 70 жилийн ойг тохиолдуулан Лондон хотод хүндэтгэлийн арга хэмжээ болох учиртай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top