Галт уулын идэвхжил живсэн усан онгоцнуудыг ил гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

Японы Огасавара бүлэг арлын бүс дэх усан доорх галт уулын идэвхжил Ивожима арлын түвшинг нэмэгдүүлж, Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-ын цэргүүдийн живүүлсэн усан онгоцнуудыг уснаас гарч ирэхэд хүргэжээ.

“Асахи” сувгийн мэдээлснээр, нисдэг тэрэгнээс авсан гэрэл зураг дээр Ивожима арлын төлөөх тулааны үеэр АНУ-ын цэргүүдийн булаан авсан Японы усан онгоцнуудын 20 гаруй сэг гарчээ. Эдгээр усан онгоцыг давлагаа зүсэхэд ашиглах зорилгоор живүүлсэн байна. АНУ тус арал дээр боомт байгуулахыг төлөвлөж байсан ч арлын газар зүйн онцлогоос шалтгаалан энэ төлөвлөгөө хэрэгжээгүй аж.

Өнгөрсөн зун энэ бүс нутагт усан доорх галт уул идэвхжил нэмэгджээ. Үүний улмаас Ивожима арлын түвшин нэмэгдээд зогсохгүй бага хэмжээний арал үүссэн байна.

Токио хотоос 1250 км зайд орших Ивожима арлын төлөөх тулаан 1945 оны хоёрдугаар сарын 16-нд эхэлж, гуравдугаар сарын 26-нд дуусаж байсан түүхтэй. Сар хагасын турш генерал Зүрибаяшигаар удирдуулсан дор Японы эзэн хааны армийн цэргүүд АНУ-ын тэнгисийн явган цэргийн дайралтыг хамгаалсан байна. Японы цэргүүд тус арлыг газар доорх хонгилын систем бүхий цайз болгосон байжээ.

Тус арлын нэг см газрын төлөө ширүүн тулаан өрнөж байсан бөгөөд 1945 оны гуравдугаар сарын 26-нд Японы цэргүүд бууж өгчээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ тус арлыг олон жилийн турш эзэмшиж байсан бөгөөд 1968 онд АНУ-ын цэргүүд гарч, Ивожима арлыг Японд буцаан өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top